Уншиж байна ...

Ц.Туваан: Хил холболтын төмөр замыг 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлж байна. Энэ онд гэрээ хэлэлцээрүүдээ дуусгана

М.Батчимэг, ikon.mn
2 цаг 4 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

“Гашуунсухайт-Ганцмод" боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг БНХАУ-тай хамтран барих Монгол талын ажлын хэсгийг ахалж буй Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны сайд Ц.Туваан мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Хятад Монгол хоёр талын ажлын хэсгийн уулзалтуудыг хийж хил холболтын шийдвэрүүдийг ойрын хугацаанд гаргахаар ажиллаж байна. Үүнд төмөр замын хил холболтоос гадна нүүрс худалдах, худалдан авах гэрээ, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх гэсэн гурван цогц асуудлыг шийдвэрлэнэ. 

Энэ хүрээнд Монгол Улсын ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлал мөн Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хуралд явахдаа China energy компанитай уулзсан уулзалтууд дээр тодорхой шийдлүүдийг гаргаж энэ хүрээнд яригдаж буй асуудлууд нааштай ойлголцолтой байгаа. 

Энэ онд 80 сая орчим тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй. Үүний ихэнхийг Гашуунсухайт-Ганцмодны боомтоор авто тээврээр хийж байгаа. Ирэх жилийн улсын төсөвт нүүрсний экспортыг 85 сая тонн байхаар тавьсан. Одоогийн авто тээврээр гаргах хамгийн дээд хүчин чадал нь 85 сая тонн байгаа юм. 

Цаашид Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт- Зүүнхатавчийн төмөр замын хил холболтууд хийгдсэнээр жилдээ Монгол Улс 120 сая тонноос доошгүй хэмжээний нүүрсийг экспортод гаргана гэсэн зорилготой ажиллаж байна. 

"Онч-Хараат, Бор толгой зэрэг ордуудыг ашиглалтад оруулна"

Төмөр замын гэрээ хэлэлцээр бэлэн болчихсон байгаа. Нүүрс худалдах, худалдан авах гэрээн дээр хэлэлцээр явагдаж байна. Мөн "Эрдэнэс Тавантолгой" компанийн баруун зүүн цанхийн орд яг одоогийн хүчин чадлаараа бол экспортолж буй нүүрснээсээ илүүг гаргах боломжгүй байгаа. Иймд бид олон улсын нээлттэй тендер зарлаж шинээр өмнө нь судлагдчихсан байсан Онч-Хараат, Бор толгой зэрэг ордуудыг ашиглалтад оруулж байж илүү их экспорт хийх боломжтой болох юм. Энэ гурван асуудлыг цогцоор нь шийдэж байж асуудал гацаанаас гарна. 

"2015 онд төмөр зам ашиглалтад орсон бол манай улс 232 сая тонн нүүрсийг экспортод гаргаж 18.5 тэрбум ам.долларыг нэмж олох байсан"

2015 оноос хойш энэ төмөр зам ашиглалтад ороод явсан бол уг төмөр замаар 232 сая тонн нүүрсийг экспортод гаргаж 18.5 тэрбум ам.долларыг нэмж олох байжээ гэсэн тооцооллыг гаргасан. 

Хятадын талын алдагдсан боломж нь 14 тэрбум юань. Үүний 7.2 тэрбум нь ганц мод хүртэл барьсан төмөр замын зардал. Тус төмөр зам нь 10 жил ашиглалтгүй байснаас алдаж байгаа нь 2.7 тэрбум юань. Одоо Хятадын боомтын терминалыг өргөтгөх, манай тал руу нарийн царигийн төмөр замаа оруулж ирэхэд 4 тэрбум юанийн асуудал ярьж байна. Нийт хятадын талаас 2.3 орчим тэрбум ам.долларыг алдагдсан болон алдагдах боломжид гарахаар тооцоо байгаа. 

Хил холболтын төмөр замуудаа саяхан батлагдсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлж байгаа. Энэ ондоо багтааж гэрээ, хэлэлцээрүүдээ хийхээр шуурхай ажиллаж байна. 2027 он гэхэд бүх бүтээн байгуулалт дуусаж төмөр замын тээвэр эхэлнэ" гэв.