УИХ дахь Ардчилсан Намын бүлэг өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 18-нд Гашуунсухайт-Ганц мод боомтын төмөр замын хилийн холболтын бүтээн байгуулалтын явцын талаарх мэдээлэл сонсжээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрөгч аравдугаар сард Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн болон ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцоод буцах замдаа БНХАУ-д ажилласан. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Гашуунсухайт-Ганц мод боомтын хил холболтын бүтээн байгуулалт болон гүүр барих ажлыг эрчимжүүлэх саналтай байгаагаа илэрхийлэхэд хятадын талаас дэмжсэн юм. Гашуунсухайт-Ганц мод боомтын төмөр замын хилийн холболтын бүтээн байгуулалтын талаарх мэдээллийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан нар АН-ын бүлгийн гишүүдэд өгч, асуултад хариулжээ.
Энэ үеэр гишүүдийн хэлсэн үгийг хүргэж байна.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат: Бидэнд өгсөн танилцуулгад өргөн царигаар нүүрс экспортлохоор жилд 30 сая тонн, нарийн царигаар 10 тонн гэсэн байна. Үүнийг тайлбарлаж өгнө үү
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан: Урдаас монголын Гашуунсухайт боомтод тулж ирэх нарийн царигийн төмөр зам нь 50 сая тн-ыг тээвэрлэх хүчин чадалтай. Энэ гэрээ байгуулагдвал 2030 оноос 20 сая тн нүүрс гаргах гэрээ хийнэ. Мэдээж цаашид хүчин чадалд нь хүргэж илүү 30 сая тн-ыг тэдний замаар цааш нь тээвэрлэхийг зорьж байгаа.
Өргөн цариг хятадын тал руу ороод нүүрсээ буулгаад буцаад ороод ирнэ. Хятадын талаас нарийн царигийн төмөр зам манай руу орж ирж бараа бүтээгдэхүүн буулгаад, гарахдаа монголын талын терминал дээр байгаа бидний тооцоолсноор ойролцоогоор 10 сая тн нүүрс ачаад гарна гэж үзэж байгаа.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат: Өргөн царигаар 30 сая тн-ыг өгөөд, нарийнаар 10 сая тн-ыг л явуулна гэсэн үг үү. Тэгэхээр анхнаасаа өргөн цариг нь зөв байсан гэсэн үг үү.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан: Монголын талаар Гашуунсухайт хүрсэн өргөн царигийн төмөр зам нь тэр чигээрээ хил холболтын боомтоор хятадын тал руу ороод тэдний терминал дээр нүүрсээ буулгана. Хятадын талаас нарийн царигийн төмөр зам орж ирж, манай талын терминал дээрээ ачаагаа буулгана. Энэ ачаа бараа нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн юу ч байж болно. Нэгэнт ачаатай орж ирээд хоосон буцах учраас 10 сая тн нүүр ачаад буцаад явна гэж тооцоолж байгаа юм.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Ийм албан бичгийг бүлэг дээр ярьдаггүй байх. УИХ, Монгол Улсын Засгийн газар гэж байгаа. Тус тусдаа ажлаа хийсэн нь зөв.
Анх 2014 онд Ши Жиньпин даргыг монголд айлчлахаас өмнө Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр энэ асуудлыг Ц.Элбэгдорж, З.Энхболд, бид нар ярилцаад ганц өнчин төмөр замыг нарийн царигаар барих нь зөв гэж үзэж шийдвэр гаргасан. УИХ тогтоол гаргасан. Сүүлд өргөн цариг тавигдсан. Яасан гэсэн чинь Үндсэн хуулийн цэцээс УИХ-ын нарийн царигаар төмөр зам барих тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн. Н.Удаанжаргал гэдэг нөхөр энэ асуудлыг Үндсэн хуулийн цэцэд өгснөөр энэ өргөн цариг болж өөрчлөгдсөн.
Нэг факт хэлье. 2011 онд ард түмэнд 1.5 сая төгрөг өгнө гээд амлачихсан байсан. Гэтэл мөнгө байхгүй. Би тэргүүн шадар сайд, Сангийн сайд нь С.Баярцогт. Ингээд оффтейк гэрээ хийгээд 360 сая ам.доллар зээлж байсан. Өөрөөр хэлбэл газар доорх нүүрсээ зарсан. Ерөнхий сайдад хандаж хэлэхэд оффтейк гэрээнд анхааралтай хандаарай гэж хэлмээр байна. “Чалко”-гийн гэрээ маш муу гэрээ байсан. Яасан гэхээр Тавантолгойгоос гаргаж ирсэн нүүр болгоноо Чалкод өгөх гэрээ хийчихсэн байсан. Тэр үед нэг тн нүүрс 70 ам.доллар байсан. 5 сая тн нүүрс гаргаад “Чалко”-д өрөө дарах ёстой байтал нүүрсний үнэ унаснаар 10 сая тн нүүрс гаргаж байж гэрээ дуусахаар болсон. 3-4 Засгийн газар дамжиж энэ өрийг дарсан.
УИХ-ын гишүүн Х.Баттулга: Хүссэн хүсээгүй Австрали, Хятад хоёрын хооронд асуудал үүснэ. Тэгэхээр Хятадад коксжсон нүүрсний хомсдол үүснэ. Тэр орон зайд бид өөрийн боомтуудаар дамжуулж нүүрсээ нийлүүлэх алсыг хараасай гэж бодож байна.
Энд гурван том асуудал яригдаж байна. Нэгдүгээрт, царигийн тухай асуудал өнөөдрөөс эхлээд зогсож байна. Дахиж битгий яриач ээ. Энэ дээр ойлголцлоо.
Хоёрдугаарт, Тавантолгойд хятадууд хувь эзэмшихгүй юм байна. 100 хувь эзэмшинэ гэж нэг орж ирсэн. Дараа нь 51 хувь болсон. Сүүлдээ 49 хувь болсон. Одоо ингээд эзэмшил, оператор, тээвэрлэлт байхгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Ер нь сүүлийн 10 жилд Тавантолгойгоо л авч үлдэх гэж тэмцлээ шүү дээ. Янз бүрээр муу хэлүүлээд яваад л байгаа болохоос биш.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хил холболтын цэгийн тодорхой болгосон байгаа. Өргөн, нарийн цариг холбогдоно. Харин терминалуудын хувьд Гашуунсухайт-Ганц мод хамгийн эхэнд, дараа нь Шивээ хүрэн, гуравдугаарт Бичигт, дөрөвдүгээрт Ханги-Мандал баригдана.
Цаашид Тавантолгойд хятадын компани хувь эзэмшихгүй. Өргөн, нарийн царигийн төмөр замууд холбогдоно. Эдгээр асуудал дээр хятадын тал олон жилийн дараа буулт хийж байна. Тиймээс хэдүүлээ дотоодын маргаанаа дуусгаад цаашаа явахад тохиромжтой цаг ирээд байна.
Трамп ерөнхийлөгч болсноор хятадын цахилгаан машинд хориг тавина гэсэн үг. Энэ нь автоматаар нүүрс, зэсийн үнэнд нөлөөлнө. Тиймээс бид амжиж энэ хэлцлүүдээ хийх нь чухал байна гэдгийг манай Гадаад харилцааны яам болон судалгааны байгууллагууд тайлбарлаж байгаа.
УИХ-ын гишүүн Ө.Шижир: Одоогоор 15-16-хан жилийн өмнө нүүрс үнс болно гэдэг маш том үзэл суртал явж байсан. Тэр үед Тавантолгойн бүлэг ордын нэг компани хувьдаа авах сонирхлоо тэгж илэрхийлж байлаа. Түүний дараа одоо бидний яриад байгаа 267 дугаар чиглэлийн төмөр замын бас нэг компани авах гэж маш хүчтэй лобби хийсэн. Аль алийг нь төр авсны дүнд жилд 83 сая тн нүүрс экспортолж, улсын төсөвт оруулж байна.
Үндсэндээ улсаасаа баян болох гэсэн нэг компанийн хүсэл энэ төслүүдийг арав гаруй жил гацаасан. Тухайн үед нүүрс үнс болно гэж байсан бол өнөөдөр алт болчхоод байна. Чайна энержи 2030 он хүртэл нүүрс авъя гэж байгаа нь нүүрсний эрэлт буухгүйг харуулж байна. Дэлхий даяар бүгд атомын цахилгаан станцтай л болдоггүй юм бол нүүрс хэрэггүй болно гэж байхгүй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!