Уншиж байна ...

Х.Нямбаатар: Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдийн барилгын ажилд төрийн өмчийн компани оруулахгүй

Б.Манлай
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн хүрээнд Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдэд төрийн болон нийгмийн бүхий л төрлийн үйлчилгээг хүртээмжтэй авах боломжтой нэгдсэн төлөвлөлттэй 20 мянган өрхийн цогцолбор хорооллыг байгуулахаар ажиллаж буй.

Тодруулбал Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороонд хэрэгжиж байна. Уг байршилд нийт 158 га талбайн 2,000 гаруй нэгж талбар чөлөөлөхөөс өнөөдрийн байдлаар 1,700 гаруй айлын газрыг чөлөөлжээ.

зураг
 

Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар “Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтийн хүрээнд ойрын хугацаанд 300 айлтай зөвшилцөх хүлээлттэй байгаа.

Хамгийн томоохон хэлэлцээрт орох айлууд бол Долоон буудлын эцсийн нэг давхар худалдаа үйлчилгээ эрхэлдэг объектууд юм. Үүнийг бид ерөнхий төлөвлөлттэйгөө уялдуулахаар төлөвлөж байна. Уг төслийн санхүүгийн асуудал шийдэгдсэн бөгөөд газар чөлөөлөлт амжилттай явж байгаа.

Мөн бүтээн байгуулалтын барилгажилтад төрийн өмчийн компани бус хувийн байгууллагуудыг оролцуулна. Тендерийг арванхоёрдугаар сард зарлана. Иймд үндэсний бүтээн байгуулагчид идэвхтэй оролцохыг уриалж байна” гэв.

Түүнчлэн Баянхошуу дэд төвд эхний ээлжийн 440 айлын орон сууц барьж буй. Барилгын ажил дууссаны дараа дараагийн ээлжийн газар чөлөөлөлтийн хэлэлцээрийг хавар эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж. Мөн Баянхошуу, Сэлбэ дэд төвийн инженерийн бүтээн байгуулалтын ажил дууссан.

 

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс