Уншиж байна ...
Зураг
Зураг

Хятадын томоохон хотуудын нэгд зуны улирал дуусахгүй үргэлжилсээр байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 11 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Арваннэгдүгээр сар дундаа ороод байхад Хятадын томоохон хотуудын нэгд зуны улирал үргэлжилсээр байгаа ажээ.

Тус улсын өмнөд эргийн 19 сая оршин суугчтай Гуанжоу хот зуны улирал дууссаныг цаг тооны бичгээр тогтоодоггүй, харин таван өдрийн дундаж агаарын температур Цельсийн 22 хэмээс буурснаар тооцдог юм байна.

Энэ долоо хоногийн Лхагва гарагийн байдлаар Гуанжоу хотод зуны улирал 235 дахь хоногтоо үргэлжилж, сүүлийн 30 жилийн дээд амжилтыг тогтоогоод байгааг цаг уурын алба нь мэдээлжээ.

Өмнө нь 1994 онд энэ хотод зун 234 хоног үргэлжилж байсан гэнэ.

Олон жилийн дунджаар Гуанжоу хотод намрын улирал арваннэгдүгээр сарын 9-нд эхэлдэг юм байна.

Энэ онд зуны улирал гуравдугаар сарын 23-нд эхэлж байжээ.

Зуны улирал ийм удаан үргэлжилж байгаагийн шалтгааныг дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын уур амьсгалд нөлөөлдөг Сибирийн хүйтэн, хуурай агаарын бөөгнөрөл энэ жил ер бусын бага байгаатай холбоотойг Гуанжоу хотын цаг уурын хүрээлэнгийн ахлах мэргэжилтэн Ай Хуй хэвлэлд тайлбарлан ярьсан байна.

Одоогоор Гуанжоу хотын агаарын дундаж хэм Цельсийн 24.9 хэм буюу түүхэн дунджаас 1.2 хэмээр өндөр байгаа ажээ.

Сүүлийн жилүүдэд нийт Хятад даяар цаг агаарын эрс тэс үзэгдлийн давтамж, тоо улам нэмэгдэж байгаа.

2022 оны зун ер бусын халуун болсны улмаас Гуанжоуг оролцуулаад Хятадын олон хотод хүмүүс, байгууллагууд агаар сэрүүцүүлэгч ихээр ажиллуулж, эрчим  хүчний ачааллыг эрс нэмэгдүүлж байжээ.

Энэ хямрал Хятадын эрх баригчдыг эрчим хүчний аюулгүй байдалдаа санаа зовоход хүргэж, нүүрснээс цэвэр эх үүсгүүрт шилжих шилжилтийг удаашруулж болзошгүй байна.

 

Эх сурвалж: Associated Press