Уншиж байна ...

Өнөөдөр Өмнөд Солонгос даяар элсэлтийн ерөнхий шалгалт эхэлж байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
Өнөөдөр 9 цаг 12 минут
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгос даяар өнөөдөр их сургуулийн элсэлтийн ерөнхий шалгалт CSAT (College Scholastic Ability Test) эхэлж байна.

Жил бүрийн арваннэгдүгээр сарын гурав дахь Пүрэв гарагт зохион байгуулагддаг энэхүү шалгалтын оноо залуусын ирээдүйн амьдралд маш чухал үүрэгтэй байдаг.

Тус улсын ихэнх их сургуулиуд CSAT-ийн оноон дээр үндэслэн элсэлтээ авдаг юм.

Өнөөдөр уг шалгалтын үеэр дуу чимээ гаргахгүйн тулд Өмнөд Солонгос даяар бүх нисэх онгоцны буух, хөөрөх үйл явцыг 35 минутын турш зогсооно.

Тухайлбал англи хэлний сонсох сорилын үеэр буюу өдрийн 1:05 цагаас 1:40 цаг хүртэл хугацаанд ямар ч онгоц буух, хөөрөхийг хориглох шийдвэрийг тус улсын зам тээврийн яам гаргажээ.

Энэ үеэр буух цаг нь таарсан онгоцнууд газраас 3 км-ээс дээш өндөрт хүлээх чиглэл авсан байна. Ижил хугацаанд Өмнөд Солонгосын арми ямар нэг дадлага сургуулилалт явуулахгүй, автобус, төмөр замын хөдөлгөөнийг ч зогсоохоор болжээ. Бас барилгын компаниуд ажлаа зогсоох юм байна.

Өнөөдөр Сөүл хотын захиргааны байрны гадна эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах хүмүүс мөн “чимээгүй байх” амлалт авчээ.

Энэ бүхэн Өмнөд Солонгосын 1,282 цэгт таван үе шаттайгаар есөн цагийн турш элсэлтийн шалгалт өгөх 510,000 орчим хүүхдийн анхаарлыг сарниулахгүй байх зорилготой юм.

Шалгалт өгөгсдийг хоцруулахгүйн тулд метро, автобусны компаниуд үйлчилгээ эхлэх хугацаагаа уртасгасан байна.

Замын ачааллыг бууруулахын тулд төрийн байгууллагууд өнөөдөр нэг цагийн хойно буюу 10:00 цагаас ажлаа эхлүүлнэ.

Банкнуудын холбоо бас ийм арга хэмжээ авах болсноо зарлажээ.

Такси компаниуд хүүхдүүдийг шалгалтаасаа хоцрохгүй байхад туслах бол замын цагдаагийн байгууллага ч энэ тал дээр дэмжиж ажиллахаар болсон байна.

 

Эх сурвалж: Korea Times