Оросын хамгийн том, хамгийн урт түүхтэй кино студи Мосфильм зураг авалтад ашигладаг Зөвлөлтийн үеийн танкуудаа ОХУ-ын армид хандивласныг тус студийн захирал өчигдөр ерөнхийлөгч Путинд бараалхахдаа мэдээлжээ.
Нийтдээ 28 ширхэг Т-55 танк, найман ширхэг ПТ-76 хөнгөн танк, зургаан ширхэг хуягт тэрэг зэрэг байлдааны техникүүдийг хандивласнаа Мосфильм студийн гүйцэтгэх захирал Карен Шахназаров уулзалтын үеэр мэдээлсэн байна.
“Хэрэгцээ байгааг би сонсоод батлан хамгаалах яамтай холбоо барьсан. Дараа нь тэдгээрийг аваад явсан” гэж Шахназаров Путинд хэлжээ.
Мосфильмээс авсан танкуудаа Оросын арми Украины фронт дээр ашигласан эсэх талаар мэдээлэл одоогоор алга байна.
Шахназаров өчигдөр бас Мосфильм студи 2024 оны турш зургаан сая рублийг ($60,900) дайны үйл хэрэгт хандивласныг Путинд дуулгажээ.
1924 онд байгуулагдсан Мосфильм студи “Александр Невский”, “Москва нулимсанд дургүй” зэрэг Зөвлөлтийн үеийн сонгодог бүтээлүүдийг туурвиж байсан юм.
Эх сурвалж: kremlin.ru
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!