АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өчигдөр ерөнхийлөгчийн сонгуульд ялсан Бүгд Найрамдах Намын нэр дэвшигч Дональд Трампыг Цагаан ордонд хүлээн авч уулзжээ.
Удаан хугацаанд улс төрийн өрсөлдөгчид байсан тэд эрх мэдэл шилжүүлэх ажлыг аль болох саад бэрхшээлгүй хэрэгжүүлэхээр тохиролцсон байна.
“Эрх мэдэл шилжүүлэх ажлыг саадгүй хэрэгжүүлэхийг бидний хэн хэн нь тэсэн ядан хүлээж байна. Таныг энд байрлахад шаардлагатай бүхнийг бид хийх болно. Энэ талаар бид өнөөдөр ч ярих боломжтой. Эргээд тавтай морил” гэж Байден өөрийн залгамжлагчид хэлжээ.
Олон жил Байденыг элдэв үгээр дайрч давшилж ирсэн Трамп өчигдөр халуун дотноор хүлээж авсан түүнд талархал илэрхийлсэн юм.
“Улс төр бол хэцүү, ихэнхдээ тийм ч сайхан ертөнц биш. Гэхдээ өнөөдөр сайхан өдөр байна. Шилжилтийн үйл явц саад бэрхшээлгүй хэрэгжих болсонд би баярлаж байна. Үүнд тань маш их талархаж байна, Жо” гэж Трамп хариу хэлжээ.
Сэтгүүлчдийг танхимаас гарсны дараа тэдний хаалттай уулзалт хоёр цаг орчим үргэлжилсэн байна.
Уулзалтын дараа Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Карин Жан-Пьер “Уулзалт маш эелдэг найрсаг, ажил хэрэгч болж өнгөрлөө” гэж мэдэгджээ.
Байден, Трамп нар “үндэсний аюулгүй байдлын асуудлаар, бас дотоод бодлогын талаар” ярилцсаныг тэр уламжилсан байна.
Байдентай уулзахаасаа өмнө Трамп өөрийн намын Төлөөлөгчдийн Танхим дахь гишүүдтэй Капитолын ордонд уулзаж, үг хэлсэн юм.
Тэр энэ үеэр гурав дахь удаагаа ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжийн талаар ярьсан байна.
Гэхдээ АНУ-ын үндсэн хуульд нэг хүн гурав дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллахыг хориглосон байдаг.
“Та нарыг миний оронд өөр хүн ажиллуулъя гэхгүй л бол би гурав дахь удаахаа өрсөлдөж магадгүй юм” гэж Трампыг хэлэхэд гишүүд инээлдэн хөгжиж байв.
Трампыг танилцуулахдаа Конгрессын төлөөлөгчдийн танхимын спикер Майк Жонсон “Америкийн түүхэн дэх онцгой хүн” гэж өргөмжилжээ.
“Тэд Билл Клинтоныг эргэж ирсэн хүүхэд гэж нэрлэдэг байсан. Тэгвэл Трамп бол эргэн ирэлтийн хаан юм” гэж тэр магтсан байна.
Энэ уулзалтад тэрбумтан Илон Маск оролцож, гишүүдийн тэргүүн эгнээнд сууж байжээ.
Өмнөх өдөр нь Трамп засгийн газрын үр ашигтай үйл ажиллагааг хариуцсан шинэ агентлаг байгуулж, хамтарсан удирдлагаар нь Маск болон ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан Вивек Рамасвами нарыг томилсон байна.
Энэ өдөр Трамп бас Пентагоны тэргүүнээр улс төрийн ямар ч туршлагагүй ахмад дайчин, Fox News сувгийн хөтлөгч Пэт Хегсэтийг томилж, дуулиан тарьсан юм.
Өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуультай зэрэг болсон Конгрессын сонгуульд Бүгд Найрамдах нам Сенатад олонх болсноос гадна Төлөөлөгчдийн танхимд бас олонх болох нь тодорхой болжээ.
Ингэснээр Трамп ямар ч саад бэрхшээлгүйгээр бодлогоо хэрэгжүүлэх боломжтой болж байна.
Тэргүүн хатагтай Жилл Байден бас Меланиа Трампыг уулзахаар Цагаан ордонд урьсан ч урилгыг хүлээж аваагүй гэсэн мэдээлэл иржээ.
Тиймээс тэргүүн хатагтайн алба баяр хүргэж, шилжилтийн үйл явцыг эхлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн захидлыг Меланиад илгээсэн тухай Цагаан ордноос мэдээлсэн байна.
Эх сурвалж: The Guardian
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!