Уншиж байна ...
Зураг
Зураг

О.Цогтгэрэл: АН цөөнх хэр нь сөрөг хүчин гэхэд хэцүү байдалд байдаг. Гэхдээ манай гишүүд ирэх оны төсөвт шүүмжлэлтэй хандаж байгаа

А.Ням-Өлзий, iKon.mn
2024 оны 11 сарын 4
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ дахь Ардчилсан Намын бүлэг ээлжит хурлаараа хэлэлцсэн асуудлыг талаар мэдээлэл хийлээ.

Тус бүлгийн дарга О.Цогтгэрэл “Бүлгийн хурлаас хоёр асуудал хэлэлцлээ. Нэгдүгээрт, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын удирдлагуудын мэдээллийг сонссон.

Мөн сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн гэх хэрэгтэй холбоотой гомдол санал ирсэн байсантай танилцаж, Хүний эрхийн дэд хорооноос мэдээлэл авлаа.

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал нь энэ долоо хоногт болно. Үүнтэй холбоотойгоор бид хаалттай мэдээлэл авсан. Хэлж болох мэдээллийн түвшинд мэдээлэхэд, Н.Өнөрцэцэгийг 20 гаруй асуудлаар хуулийн байгууллага шалгасан юм байна. Үүний нэгээс бусад нь татварын болон бусад асуудал буюу хаалттай шүүх шаардлагагүй хэргүүд байна. Тиймээс АН-ын бүлгийн зүгээс сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг улсын нууцтай холбоотой асуудлаар нь хаалттай шүүгээд, бусад хэргийг нь олон нийтэд нээлттэй шүүх хэрэгтэй боломжтой гэж үзсэн” гэлээ.

Дээрх мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв.

-Нэр бүх гишүүд ирэх оны төсвийн урсгал зардлыг 3.6 их наяд төгрөгөөр бууруулах боломжтой гэж үзэн, Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж байна. Танай намын бүлэг энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?

Бүлгийн дарга О.Цогтгэрэл: -Ардчилсан нам цөөнх хэр нь сөрөг хүчин гэхэд хэцүү байдалд байдаг. Гэхдээ АН-ын бүлгийн маш олон гишүүн ирэх оны төсөвт шүүмжлэлтэй хандаж байгаа.

2025 оны төсөв бол Монгол Улсын түүхэнд хамгийн том төсөв. Энэ бол АН-ын хувьд түүхэн байр суурийнх нь эсрэг төсөв. Үүнийгээ ч бид илэрхийлсээр байгаа.   

Бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж: -Сайд нарын урсгал зардал замбараагүй нэмэгдсэн. Сайд болгон нэг арга хэмжээг 300 сая төгрөгөөр зохион байгуулдаг. Жишээ нь, малчид, багш нарыг авчирч хуралддаг явдал маш их байдаг. Мөн бусдаар гүйцэлдүүлэх ажил үйлчилгээний зардал 4.1 их наяд төгрөг байна. Энэ дээр цөөнхийн үгээ авахгүй байгаад харамсаж байна.  

Бүлгийн дарга О.Цогтгэрэл: -Төсвийн зардлын тоог хэлье л даа. Монгол Улсын төсвийн хамгийн их зардал Халамжийн сайд дээр байна. 4.6 их наяд төгрөг. Хоёрдугаарт, Боловсролын сайд дээр 4.5 их наяд төгрөг. Тэгээд эрүүл мэнд дээр 1.8 их наяд гээд явж байна. Эндээс харахад 2025 онд төрөөс хамгийн их ач холбогдол өгч байгаа нь халамж байна.