Лхагва гарагт Азербайжан Айрлайнз компанийн нисэх онгоц тодорхойгүй шалтгаанаар чиглэлээ өөрчилж яваад Казахстаны Актау хотын ойролцоо осолдсон билээ.
Онгоцонд явсан 67 хүнээс 38 нь амь үрэгдэж, 29 нь бэртэж гэмтээд байгаа.
Embraer 190 загварын уг онгоц Азербайжаны нийслэл Баку хотоос ОХУ-ын Чеченийн нийслэл Грозный хотын чиглэлд нисэж байсан юм.
Гэвч тодорхойгүй шалтгаанаар Каспийн тэнгисийн нөгөө эрэгт осолджээ.
Эхлээд Оросын нислэгийн удирдах газар онгоц шувуутай мөргөлдсөн байж болзошгүй гэж мэдээлсэн юм.
Гэвч мэргэжилтнүүд үүнийг үндэслэл муутай гэж үзэж байв.
Францын BEA агаарын ослыг мөрдөх агентлагийн мэргэжилтэн асан онгоцны эх биед маш олон сумны нүх байгаа талаар мэдээлжээ. Үүнийг батлах зураг, дүрс бичлэгүүд сошиал орчинд тараад байна.
Азербайжаны албаныхан бас онгоцыг Оросын агаарын довтолгооноос хамгаалах систем унагасан байх магадлалтай гэж үзэж байгаа талаар эх сурвалжууд мэдээлсэн байна.
Тухайлбал Оросын Панцирь-С систем онгоцыг буудаж унагасан байх өндөр магадлалтай талаар Азербайжаны засгийн газрын хоёр эх сурвалж мэдээлжээ.
Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Мөрдөн шалгах ажиллагааны үр дүн гарахаас өмнө ямар нэг таамаг дэвшүүлэх нь буруу” хэмээн анхааруулсан байна.
Азербайжаны ерөнхийлөгч Илхам Алиев өчигдөр буюу Пүрэв гарагийг үндэсний гашуудлын өдөр болгон зарлажээ.
Тэрбээр Тусгаар Улсуудын Хамтын Нөхөрлөлийн Орнуудын (хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан орнууд) албан бус дээд хэмжээний уулзалтад оролцохоор ОХУ-д айлчлах гэж байснаа цуцалсан байна.
Онгоц осолдсон өдөр Чечень, Дагестан, Ингушет зэрэг ОХУ-ын Ар Кавказын бүс нутгуудад Украины талаас дроноор халдсан тул нисэх буудлуудаа хаагаад байжээ.
Үүний улмаас Азербайжаны нисэх онгоц Каспийн тэнгисийн зүүн эрэгт ослын буулт хийх шаардлагатай болсон бололтой.
Онгоцонд явсан 67 хүний тав нь нисэх багийн гишүүд байжээ. Зорчигчдын 37 нь Азербайжан, 16 нь Орос, зургаа нь Казахстан, гурав нь Киргизстаны иргэд байсан байна.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!