Уншиж байна ...
Зураг
Зураг

СӨХ, ААН, байгууллагууд ойр орчмын 50 метр хүртэлх газраа цэвэрлэхгүй байх зөрчил түгээмэл илэрчээ

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 11 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллага, СӨХ нь ойр орчны 50 метр хүртэлх газрын цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцах үүрэг хүлээсэн байдаг. Эдгээр үүргээ хэрэгжүүлж ажиллахыг Нийслэлийн Хяналт, Шалгалтын Газраас/НХШГ/ анхааруулж, албан газруудад мэдэгдэл хүргэжээ.

Энэ талаар НХШГ-ын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн З.Ганбат "2024 оныг “Тохижилт, бүтээн байгуулалтын жил” болгон зарласан. Энэ ажлын хүрээнд хяналт шалгалтын байцаагч нар чиглэл тус бүрээр хяналт шалгалтыг хийхэд орчны аюулгүй байдал алдагдсан, ойр орчмын 50 метр хүртэлх газарт цэвэрлэгээ, үйлчилгээг хийхгүй байх зөрчил түгээмэл илэрч байна. Тиймээс нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бүхий л шатны аж ахуйн нэгж, байгууллага, СӨХ-д албан мэдэгдэл хүргүүллээ.

Мэдэгдлийн хүрээнд хэд хэдэн үүрэг даалгавар өгч байгаа юм. Орчны аюулгүй байдлыг хангах, орчны 50 метрийн цэвэрлэгээ, үйлчилгээ, өвлийн цагт халтиргаа гулгааг арилгах, өөрийн эзэмшлийн газрын хашаа хайсны аюулгүй байдлыг хангуулах, хүүхдийн тоглоомын талбай, явган хүний зам, нийтийн эзэмшлийн зам, талбайн эвдэрсэн хэсгийг засах, нийтийн зориулалттай орон сууцны байранд лифтний засвар, үйлчилгээг тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагаар тогтмол хийлгэх, барилгын гадна фасадын өнгө үзэмжийг сайжруулах зэрэг асуудлыг шийдвэрлэхийг мэдэгдэлдээ тусгасан.

Мэдэгдлийн хүрээнд хийсэн ажлыг 2025 оны төлөвлөгөөт болон урьдчилан сэргийлэх хяналт шалгалтад тусгаж, гүйцэтгэлийг шалгана.

Үүргээ биелүүлээгүй ААН-үүдэд Зөрчлийн хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авдаг" гэж ярилаа.

Өнөөдөр 12:00 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбайг 80 гаруй тусгай зориулалтын техник хэрэгслээр, 33 байгууллагын 900 гаруй зам талбайн үйлчлэгч цэвэрлэж байгаа аж.