Уншиж байна ...

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Эхлэхдээ Тик Ток дээр даалгавар гүйцэтгэж ₮9,000 ашиг авч, эцэстээ ₮195.8 саяар хохирсон иргэн байна

П.Зоригт, IKON.MN
2024 оны 11 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Гадаад улсын гэмт бүлэглэлээс цахим хэрэгсэл ашиглан үйлдэж буй залилах гэмт хэргийн нөхцөл байдлын талаар Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас өнөөдөр сэрэмжлүүлэг, мэдээлэл хүргэлээ. 

Тодруулбал сүүлийн дөрвөн сарын хугацаанд Монгол Улсын 619 иргэн Телеграмаар залилуулж, ₮10.3 тэрбумын бодит хохирол амссан талаар ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга С.Тайван сэрэмжлүүлсэн билээ. 

Мөн энэ үеэр "Хамгийн их мөнгөн дүнтэй хохирогч нь 39 удаагийн үйлдлээр гэмт этгээдүүдийн зориуд бэлтгэсэн данс руу 195.8 сая төгрөг шилжүүлж хохирсон.

Ингэхдээ найман өөр төрлийн данс руу шилжүүлсэн байна. 

Эхлэхдээ Тик Ток дээр даалгавар гүйцэтгэж 9,000 төгрөгийн ашиг авч, эцэстээ 195.8 саяар хохирсон" гэдгийг цагдаагийн байгууллагаас хэлж байна.

Телеграм платформ ашиглан үйлдэх гэмт хэргийн процессын талаар ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга С.Тайван дараах мэдээллийг хэлсэн юм. 



Гэмт үйлдлийн арга:

  • Бараа худалдан авч, борлуулалт нэмэгдүүлж даалгавар биелүүлэх замаар 286  иргэн хохирсон.
  • Тик Ток хаяг дагах, өгөгдсөн пост дээр лайк дарж хандалт өсгөх даалгавар биелүүлэх аргаар 185 иргэн хохирсон.
  • Байгууллагын үйл ажиллагаа, бүтээгдэхүүний зар сурталчилгаанд үнэлгээ өгөх даалгавар биелүүлж 106 иргэн хохирсон.
  • 31 хохирогч өгөгдсөн дансанд мөнгө байршуулаад өсгөж авах даалгавар биелүүлэх зорилгоор хохирсон.
  • Есөн хохирогч зээл олгоход шаардлагатай материал бүрдүүлэх даалгавар авах байдлаар хохирсон.
  • Хоёр хохирогч өгөгдсөн интернэт банкаар нэвтэрч, гүйлгээ хийх даалгавар авч хохирсон.

Иргэдийн хохирлын хэмжээ, мөнгөн дүн:

Хамгийн их хохирол амссан мөнгөн дүнтэй хохирогч нь 39 удаагийн үйлдлээр гэмт этгээдүүдийн зориуд бэлтгэсэн данс руу 195.8 сая төгрөг шилжүүлж хохирсон. 

Дараагийн иргэн дөрвөн удаагийн гүйлгээгээр 135 сая төгрөгөөр хохирсон. Түүнчлэн иргэд 

  • 123.5 сая
  • 112.1 сая
  • 107 сая
  • 80.5 сая
  • 76.4 сая
  • 74.7 сая
  • 64 саяар хохирсон гэх мэтчилэн тоо цуварч байна.

Энэ их хэмжээний мөнгийг гэмт хэрэгт ашиглах зорилгоор бэлдсэн 976 данс руу шилжүүлж ашиглажээ.

Сүүлийн 45 хоногийн хугацаанд Телеграм платформ ашиглан залилах төрлийн гэмт хэргээс үүдэн Монголын иргэд 6.1 тэрбум төгрөгөөр хохирсон байгааг анхааруулж байна.  
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав