Уншиж байна ...

Н.Ундрал: Суралцагч нэг бүрд тохирсон дэмжлэг үзүүлж, тэдэнд илүү их боломжуудыг нээж өгөхийг хүсдэг

ikon.mn
0 минутын өмнө
ikon.mn
зураг
 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж буй сайн жишээ №32

Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн дэргэдэх “Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургууль”

-Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж буй сайн жишээ-

Монгол Улс 2009 онд НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцод нэгдэн орж, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах, нийгмийн оролцоог дэмжихэд чиглэсэн “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль”-ийг 2016 онд батлан хэрэгжүүлж байна. 2017 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлыг үндэсний хөтөлбөрт оруулж, хууль эрх зүйн тогтолцоог хангаснаар 2021 онд Монгол Улсын Засгийн газар Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-тай хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл (DPUB2)”-ийг хэрэгжүүлж байна.

Энэхүү цуврал нийтлэлээр дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллаж буй байгууллага, гэр бүл, хамт олны төлөөлөл зэрэг олон талын байр суурийг онцлон тэмдэглэж, Монгол Улс дахь хөдөлмөр эрхлэлтийн сайн жишээг түгээхийг зорьж байна.

Мэргэжлийн ур чадвар олгоод зогсохгүй ажлын байрны дадлагажуулагчийн мэдлэг чадвар бүхий багш нар ажилладаг 

зураг
 
Баруун гар талаас Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургуулийн Хөдөлмөр зууч хариуцсан мэргэжилтэн, ажлын байрны дадлагажуулагч Н.Ундрал, талх, нарийн боов үйлдвэрлэлийн технологийн багш, ажлын байрны дадлагажуулагч Б.Дэлгэржаргал нар болон тус төвийн суралцагчид /зург ийг 2024 оны 6-р сард авав/

Батлагдсан хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу 2 жилийн хугацаанд мэргэжлийн боловсрол олгож байна

зураг
 
“Талх, нарийн боов үйлдвэрлэлийн технологийн ажилтан” мэргэжлээр суралцагчид /зургийг 2024 оны 6-р сард авав/

Биднийг тус сургуулийн талх, нарийн боов үйлдвэрлэлийн анги руу ормогц цөцгийн тос, самрын анхилам үнэр хамар цоргиж, өөрийн эрхгүй арааны шүлс асгарав. Цэнхэр өнгийн хормогч, цагаан малгайгаар жигдэрсэн суралцагчид талх, жигнэмгийн гурил бэлтгэж байлаа. Сэрүүлэг дуугарахтай зэрэгцэн тэдний нэг шарах шүүгээнээс дөнгөж болсон жигнэмгүүдийг гаргаж ирэхэд анх ангид орж ирэхэд үнэртсэн анхилам сайхан үнэр өрөө дүүрэн ханхлав. 

зураг
 
Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвийн гадна хэсэг /зургийг 2024 оны 6-р сард авав/

ХБХХЕГ-ийн харьяанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн байгууллага байдгийн нэг бол Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв бөгөөд тус төвийн дэргэдэх Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургуулийн талаар нийтлэлийнхээ эхэнд танилцуулъя. Тус сургуульд 15-аас 45 насны хөгжлийн бэрхшээлтэй иргэд суралцах боломжтой бөгөөд дээр танилцуулсан талх, нарийн боов үйлдвэрлэлийн технологийн ажилтан мэргэжлээс гадна оёдол, мужаан, компьютер график, гар утас засварчин гэх мэт нийтдээ 10 гаруй мэргэжлээр ур чадвар олгодог. Нэг ангид 12 хүртэлх суралцагч суралцдаг бөгөөд мэргэжлийн 10 багш, нийтдээ 16 багш ажиллагсадтай.

Мөн сургалтын хугацааны хувьд хувийн хэвшлийн Мэргэжлийн боловсрол олгох сургуулиудын хувьд ихэвчлэн 1 жил байдаг бол тус сургуулийн хувьд хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй суралцагч олон байдаг учраас нарийвчилсан хөтөлбөрөөр 2 жилийн хугацаатай сургалт явуулдаг. Сургалт үнэ төлбөргүй ба 2 жил суралцаж төгссөний дараа өөрийн бизнесээ эхлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх үүднээс 4 сая төгрөгийн тэтгэлэг олгодог. Жил бүр дунджаар 100 орчим иргэн шинээр элсэн суралцдаг ч 2 жилийн дараа  70-80 хувь нь төгсдөг. Үүнд олон шалтгаан, хүчин зүйлүүд нөлөөлдөг байна.

Нөгөөтэйгүүр, СЗСҮТ-д тус сургуулиас гадна Сэргээн засах төв эмнэлэг, Протез, ортопедийн үйлдвэр зэрэг байгууллагууд харьяалагддаг бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн нэгдсэн цогц үйлчилгээг үзүүлж байна.

Суралцагчидтай хамгийн ойр ажилладаг хүний хувьд шинэ мэдлэг эзэмшиж, мэдээлэл цуглуулах тал дээрээ байнга анхаардаг

зураг
 
Н.Ундрал суралцагчдын хөдөлмөр зууч хариуцан ажилладаг. /зургийг 2024 оны 6-р сард авав/

Н.Ундрал бол Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургуульд нийгмийн түншлэл, үйлдвэрийн сургалтын арга зүйчээр ажилладаг. Тэрбээр сургуульдаа 8 дахь жилдээ ажиллаж байгаа аж. Өмнө нь нэгэн компанид худалдааны зөвлөхөөр ажиллаж байсан ч хүүхэдтэй болж, хүүхдээ гаргасныхаа дараа төрийн албан хаагч болохоор шийдэн, улмаар одоогийн ажилдаа орсон байна.

Ажилд орсон эхэн үедээ хөгжлийн бэрхшээлийн талаар ямар ч мэдлэг, ойлголтгүй байсан болохоор гайхах үе, цаашид ажиллах эсэхдээ эргэлзэх тохиолдол багагүй байсан гэнэ. Гэвч “За ямар ч байсан энд 1 жил ажиллаад үзье” гэж өөрөө өөртөө хэлж, хамгийн түрүүнд бүх суралцагчдынхаа нэрийг цээжилж, үйл хөдлөл, зан аашийг нь ажиглах, хоорондоо ярилцаж байгаа зүйлийнх нь талаар чих тавих зэргээр аль болох суралцагчдынхаа онцлогийг ойлгох, тэдэнтэй ойртож, дотносох талаас ажиллажээ.

Улмаар суралцагч тус бүрийн бэрхшээлийн онцлог болон юунд анхаарах шаардлагатай талаар ойлголт, туршлагатай болж, цаашлаад сургуулийнхаа жилийн төлөвлөгөө болон сургалтын хөтөлбөрт өөрийн саналаа тусгуулах зэргээр сургуулийнхаа үйл ажиллагаанд идэвх, санаачилгатай оролцох болов. Мөн суралцагчдын ихэнх нь сонсголын бэрхшээлтэй иргэд байдаг ба хичээл сургалтын үйл ажиллагааг дохионы хэлээр явуулах шаардлагатай болдог тул ажлынхаа зав чөлөөгөөр хамт ажилладаг сонсголын бэрхшээлтэй Р.Оюунцэцэгээр дохионы хэл заалгажээ. Хичээл зүтгэл гаргасны үр дүнд одоо сонсголын бэрхшээлтэй иргэдтэй төвөггүй ойлголцдог болсон гэнэ.

зураг
 
Н.Ундрал багш 2 жил суралцаад удахгүй төгсөх гэж байгаа суралцагсдад хэрхэн гарааны бизнесийн мөнгөө авах тухай зааварчилгаа өгч байна. /Зургийг 2024 оны 6-р сард авав/

Н.Ундрал багш 6 дахь жилдээ ажиллаж байхдаа буюу 2022 оны 3-р сард DPUB2 төслийн “Ажлын байрны дадлагажуулагчийн танилцуулах семинар”-ын зарыг олж харж, тэр үеэс DPUB2 төслийн талаар мэддэг болжээ.    

“Ажлын байрны дадлагажуулагчийн танилцуулах семинар”-т оролцох төрийн албан хаагчдын тоо төрийн бус байгууллага болон ААНБ-ын оролцогчидтой харьцуулахад цөөн байснаас гадна хэдийнээ оролцогчдын тоо бүрдчихсэн байсан ч Н.Ундрал багш “Суралцагчдынхаа хөдөлмөр эрхлэлт хариуцаж байгаагийн хувьд энэ семинарт би заавал хамрагдах ёстой” гэж бодон тухайн үеийн сургуулийн захиралтайгаа уулзаж, DPUB2 төслийн семинарт заавал оролцох шаардлагатай байгаагаа ойлгуулан, улмаар семинарт оролцохоор болов.

Тус танилцуулах семинараар ажлын байрны тохируулга, үнэлгээг хэрхэн хийх болон Япон улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг хэрхэн дэмжиж байгаа талаар суралцсан байна. Эдгээр суралцсан зүйлсээ өөрийн ажил мэргэжилдээ ашиглан, сургуулийн төгсөгчдөө Tous Les jour сүлжээ бэйкери болон CU сүлжээ дэлгүүр, Хаан банк зэрэг олон байгууллагад ажилд оруулжээ. Ялангуяа CU-д ажилд оруулсан төгсөгчийн хувьд их эмзэг, сандруу охин байсан тул түүнд ч цаашид төгсөгчдөө ажилд оруулахад ч хэрэгтэй гэж үзэж, шинэ ажилтнуудын хамрагддаг 2 долоо хоногийн сургалтад хамтдаа суун, тус компанийн соёлыг ч мэдэж авчээ.

Тэрбээр 2022 оны 11-р сард Малайз улсын туршлага судлах сургалт, 2023 оны 8-р сард Япон улсын туршлага судлах сургалтуудад хамрагдан, ажлын байрны дадлагажуулагч бэлтгэх сургагч багшаар бэлтгэгдсэн. DPUB2 төслийн сургалтуудын ач холбогдлыг олон зүйл дээр мэдэрсэн тухайгаа ийнхүү ярив. “Би ажлын байрны дадлагажуулагч болохоосоо өмнө аль болох олон төгсөгчийг ажилд оруулах юм сан гэсэн бодлоор ханддаг байсан. Харин одоо тухайн байгууллага ямар чадвартай хүн ажилд авахыг хүсэж байна, ажилд оруулсан төгсөгчөө хэрхэн урт хугацаанд тогтвортой ажиллуулах вэ гэдэг дээр голлон анхаардаг болсон. Өөрөөр хэлбэл, илүү алсыг харж дэмжлэг үзүүлэхийг хичээдэг болсон” гэв. Мөн бусад 15 сургагч багш нартайгаа хамтран ажиллаж, төгсөгчдөө ажилд оруулах бүх боломж, гарцуудыг ашиглаж байгаа гэнэ.

Бусад мэргэжлийн багш нар ч ажлын байрны дадлагажуулагч бэлтгэх сургалтад хамрагдсан      

Тус сургуулийнхаа бусад багш, ажилтнууд ч ажлын байрны дадлагажуулагч бэлтгэх сургалтад хамрагджээ. Ялангуяа мэргэжлийн багш нар ажлын байрны дадлагажуулагчийн мэдлэг, арга зүйг эзэмшсэнээр хичээл, сургалтын үйл ажиллагаандаа ашиглах бүрэн боломжтой бөгөөд энэ нь төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтэд ч эерэг нөлөөтэй гэж үзсэнтэй холбоотой ажээ. 

зураг
 
Б.Дэлгэржаргал багш жигнэмэг хэрхэн хийхийг зааж байв. /Зургийг 2024 оны 6-р сард авав/

Нийтлэлийн эхэнд танилцуулсан талх, нарийн боов үйлдвэрлэлийн технологийн багш Б.Дэлгэржаргал ч мөн ажлын байрны дадлагажуулагчийн сургалтад хамрагдсан хүмүүсийн нэг юм. Тус сургуульд 27 дахь жилдээ ажиллаж буй Б.Дэлгэржаргал багш “Сургалтад хамрагдсанаар мэргэжлийн боловсрол олгоод зогсохгүй ААНБ-уудад нөлөөлөх шаардлагатай гэдгийг ойлгосон. Суралцагсад маань бага багаар чадваржиж, өсөж хөгжин цаашлаад ажил хөдөлмөр эрхэлж явааг хараад тэднээсээ урам зориг авдаг” гэв.

зураг
 
Шавь нарынхаа хийсэн бүтээлээр бахархан зогсох О.Загдцэнд багш болон Н.Ундрал багш нар /зургийг 2024 оны 6-р сард авав/

Мөн 2020 оноос тус сургуульд гар урлалын багшаар ажиллаж буй О.Загдцэнд багш мөн бидэнтэй ярилцсан юм. Тэрбээр “Ажилд орсон эхэн үедээ хөгжлийн бэрхшээлийн талаар ямар ч ойлголтгүй байсан ч багшилж чадна л гэж бодож байлаа. Гэхдээ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст заана гэдэг амархан зүйл биш байсан. Ялангуяа оюуны бэрхшээлтэй хүмүүстэй харилцахад мэдлэг, арга ухаан их хэрэгтэй байдаг. Тархины саажилттай хүмүүсийн бэрхшээлийн төвшин ч өөр өөр байдаг гэдгийг олж мэдсэн. Ажлын байрны дадлагажуулагч бэлтгэх сургалтад хамрагдсанаар хүн нэг бүрд тохирсон ажлын байрны тохируулга хийх чухал гэдгийг олж мэдсэн. Түүнээс хойш суралцагч нэг бүрд тохируулан заах аргаа өөрчилж ажиллах тал анхаарал хандуулж байна” гэж ярив.

Нийгмийн шаардлагад нийцүүлэн төвийн үйл ажиллагаанд шинэчлэл хийхээр зорьж байна

зураг
 
Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургуулийн захирлаар ажиллаж байгаад энэ оны буюу 2024 оны 6-р сараас СЗСҮТ-ийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж буй Б.Алтмаа /зургийг 2024 оны 6-р сард авав/

2016 оны 5-р сараас нийтдээ 8 жилийн хугацаанд Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургуулийн захирлаар ажиллаад, энэ оны 6-р сараас СЗСҮТ-ийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр  ажиллаж байгаа Б.Алтмаатай бид мөн ярилцсан юм. Тэрбээр “Монгол улс 2009 онд “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенц”-д нэгдэж, улмаар 2016 оны 2-р сард “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль”-ийг баталснаас хойш нийгэм дэх хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт бага багаар сайжирсаар байна. Ялангуяа сүүлийн 5,6 жил мэдэгдэхүйц өөрчлөлт гарсан гэж боддог” гэв.  

Б.Алтмаа дарга Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургуулийн захирлаар ажиллаж байх хугацаандаа хэд хэдэн шинэчлэл хийжээ. Үүнд, нэгдүгээрт мэргэжлийн боловсрол олгох сургалтын хугацааг сунгасан. Тус сургуулийн суралцагчид бусад төрлийн мэргэжлийн боловсролын сургуультай харьцуулахад хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд их элсэн суралцдаг. Энэхүү онцлогийг олж харсан Б.Алтмаа дарга 1 жил байсан сургалтын хугацааг 2 жил болгон уртасгажээ.  

Мөн ААНБ болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс тэдний хүсэлт шаардлагыг авч нэгтгэн, сургалтын агуулгадаа тусгасан байна. Жишээлбэл, сургуульдаа өөрөө ирж суралцах боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухайд онлайнаар суралцах боломжтой компьютерын  ангийг нээснээс гадна төрийн өмчит байгууллагуудын хүсэлтийн дагуу, оффисын ажилтан, үйлчилгээний ажилтан бэлтгэх ангиудыг шинээр нээсэн байна. Мөн кашмерын үйлдвэрийн хүсэлтээр оёдлын ангийн суралцагчид үйлдвэрийн ажилтнуудын хувцсыг оёж, нийлүүлдэг байна. Эдгээр өөрчлөлтүүдийн үр дүнд мэргэжлийн ангиудын тоо болон суралцагчдын тоо 2 дахин нэмэгджээ.

Б.Алтмаа даргын хувьд Н.Ундрал багшид их итгэл найдвар хүлээлгэдэг. Тэрбээр “Манай сургуулийн төгсөгчдийн 30-40 хувь нь л ажилд орж чаддаг бол 60-аас дээш хувь нь тогтсон ажилд орж чаддаггүй. Тийм учраас л төгсөгч болон суралцагчдад дэмжлэг үзүүлж ажиллах ажлын байрны дадлагажуулагчийн үүрэг маш чухал. Н.Ундралын хувьд энэ тал дээр маш мэдрэмжтэй, идэвхтэй ажилладаг” хэмээн ярив.

Б.Алтмаа дарга ярианыхаа төгсгөлд “Монголын нийгэм сүүлийн үед ажиллах хүчний хомсдолтой нүүр тулж байна. Ялангуяа, физик эмчилгээ болон хөдөлгөөн засалч зэрэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сэргээн засах үйлчилгээ үзүүлэх эмнэлгийн мэргэжлийн хүмүүс нэн дутагдалтай байна. Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургуульд шинэ анги нээж, Сэргээн засах эмнэлэг болон Протезийн үйлдвэрийн эмч ажилтнуудтайгаа хамтран ажиллаж, хүний нөөцөө бэлтгэн, СЗСҮТ-ийн хэмжээнд уг асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна” гэв.

зураг
 
Талх, нарийн боов үйлдвэрлэлийн технологийн ангид ортол амтлаг сайхан үнэр хамар цоргиж, хуваан амталгаа хийцгээн инээд хөөр болцгоов. /зургийг 2024 оны 6-р сард авав/

Н.Ундрал багш тэс өөр салбараас хөгжлийн бэрхшээлийн салбарт орж, гайхах, эргэлзэх зэрэгцэн ажиллаж байх үедээ “Эхлээд 1 жил”, “Дахиад 1 жил” гэж бага багаар тасралтгүй хичээсний үр дүнд өдгөө 8 жил ажилласан туршлага бүхий чадварлаг хүний нөөц болон бэлтгэгджээ. “DPUB2 төсөлтэй холбогдон, сургуулийнхаа нийт багш ажилтнуудтай нэг баг болж ажиллах нь суралцагч болон төгсөгчдөд илүү их боломжийг нээж өгнө гэдгийг олж харсан” гэсэн Н.Ундрал багшийн ярианаас олон зүйлд хүчээ сорьж, зорьсон зүйлийнхээ төлөө тууштай явж ирсэн түүний энэ хүртэлх хичээл зүтгэл болон хамтач, нийтэч зан байдал мэдрэгдэж байв. Мөн Н.Ундрал багш “Ажлын байрны дадлагажуулагч гэдэг ажил мэргэжил илүү олон хүнд танигдаж, нийгмийн тогтолцоо болон, ажлын байрны дадлагажуулагчийн үйл ажиллагааг илүү олон хүнд хүргэхэд бүх хүч чадлаа зориулна гэж боддог” гэж ярианыхаа төгсгөлд хэлсэн.

2016 онд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай хууль” батлагдаж, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний зөвлөл”, бүх аймаг болон Улаанбаатар хотын “Хөгжлийн бэрхшээлийн үндэсний салбар зөвлөл”-үүд байгуулагдсаны дараа холбогдох байгууллагуудын нягт хамтын ажиллагааг зохицуулах зорилгоор байгуулагдсан ХБХХЕГ нь DPUB2 төслийг хамтран хэрэгжүүлэгч бөгөөд Удирдах зөвлөлийн хурал /JCC/-ын гишүүн байгууллага юм. 

ХБХХЕГ-ын харьяа СЗСҮТ-ийн дэргэдэх “Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургууль” нь хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 2 жилийн хугацаанд мэргэжлийн боловсрол олгохын зэрэгцээ тэднийг тохирсон ажлын байранд нь зуучлах ажлыг зохион байгуулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн сургууль юм. Тодорхой жишээ дурдахад “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж буй сайн жишээ” нэртэй төслийн цуврал нийтлэлүүдэд танилцуулсан “Юнисервис Солюшн” ХХК-ийн ажилтан Б.Золжаргалаас эхлээд “Gold`s Gym Ulaanbaatar”-ийн ажилтан О.Хувьтөгөлдөр, “Монос Косметикс” ХХК-ийн үйлдвэрийн ажилтан З.Шижирмөнх, мөн “Нэткапитал” санхүүгийн группийн Харилцагчдад үйлчлэх төвийн оператор Б.Пүрэвсүрэн нар бол тус сургуулийн төгсөгчид юм.

Н.Ундрал багш болон тус сургуулийн мэргэжлийн багш нар DPUB2 төслийн сургалтад хамрагдан,  сурсан мэдлэгээ өдөр тутмын хичээл сургалтын үйл ажиллагаандаа ашиглаж байгаагаас харахад цаашид тус сургуульд элсэн суралцсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд мэргэжил эзэмшээд зогсохгүй ажилд орохын өмнөх болон орсны дараах үеийн дэмжлэг буюу ажлын байрны дадлагажуулагчийн цогц дэмжлэгийг авах боломжтой гэсэн үг юм. Түүнчлэн, Б.Алтмаа даргын хэлсэнчлэн төвийн харьяа байгууллагууд нягт хамтран ажилласнаар тус сургуулийн үүрэг, үйл ажиллагааны хүрээ улам өргөжин, ажлын байрны дадлагажуулагчийн мэдлэг бүхий багш ажилтнуудын хувь нэмэр асар их гэж бодож байна.*

ГБХНХЯ болон DPUB2 төсөл хамтран “Монгол улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж буй сайн жишээ” нэртэй цуврал нийтлэлийг та бүхэнд хүргэж ирсэн билээ. Энэ удаагийн нийтлэл бол цувралын 32 дахь дугаар буюу хамгийн сүүлийн нийтлэл бөгөөд СЗСҮТ болон төвийн харьяа “Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургууль”-ийн үйл ажиллагааг онцоллоо.

“Ажлын байрны дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтэд дэмжлэг үзүүлэх үйлчилгээ”-г цаашид ХБХХЕГ удирдан зохион байгуулах ба энэхүү тогтолцоог Монгол улсад түгээн дэлгэрүүлэх, нутагшуулахад идэвх зүтгэл гарган ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Бидний бэлтгэсэн бүх нийтлэлийг сонирхон уншиж, дэмжиж ирсэн та бүхэнд гүн талархал илэрхийлье.  

【Байгууллагын мэдээлэл】

Байгууллагын нэр

СЗСҮТ-ийн дэргэдэх Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургууль

Үйл ажиллагааны чиглэл

Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургалт

Ажилтнуудын тоо /Мэргэжлийн боловсрол олгох сургууль/

16 багш, ажилтан /2024 оны 6-р сарын байдлаар/

Хөгжлийн бэрхшээлтэй ажилтны тоо /Мэргэжлийн боловсрол олгох сургууль/

240 гаруй суралцагч /1-р курсэд 120 гаруй суралцагч/, /2024 оны 6-р сарын байдлаар/

Ажлын байрны дадлагажуулагч бэлтгэх сургалтад хамрагдсан шалтгаан

・Хөдөлмөр зууч хариуцсан багшийн хувьд DPUB2 төслийн ажлын байрны дадлагажуулагчийн сургалтад өөрийн зүгээс оролцох  хүсэлт гаргаж хамрагдсан. Түүний дараа Малай улсын туршлага судлах сургалт, Япон улсад туршлага судлах сургалтуудад тус тус хамрагдан, ажлын байрны дадлагажуулагч бэлтгэх сургагч багшаар бэлтгэгдсэн. Мөн төгсөгчдөө ААНБ-д зуучлах ажлыг ажлын байрны дадлагажуулагчийн мэдлэг чадвараа ашиглан мэргэжлийн төвшинд хийж байна.

・Мэргэжлийн багш нараа Ажлын байрны дадлагажуулагч бэлтгэх сургалтад хамруулан, хичээл сургалтын үйл ажиллагаандаа ажлын байрны дадлагажуулагчийн арга зүйг ашиглаж байна.

Ажлын байрны дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ:

2022 оноос ХНХЯ, ЖАЙКА-ийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газартай хамтран “ААНБ болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг холбон ажиллах ажлын байрны дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ”-ний загвар төслийг хэрэгжүүлж эхэллээ.

Тус үйлчилгээний үр дүнд илүү олон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тогтвортой ажлын байраар хангана. Нөгөөтэйгүүр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулах боломжгүй ААНБ-ын хувьд ажлын байрны төлбөрийг төлж, нийгмийн хариуцлагаа хүлээх шаардлагатай.

Холбоо барих хаяг:

Ажлын байрны дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх хаягаар холбогдоно уу.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар

И-мэйл хаяг: info@gadpwd.gov.mn

Утасны дугаар: 77073008, 77032222