Монгол Улс-БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойд зориулсан тусгай үзэсгэлэн өнөөдөр Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийлээ.
Энэ жил Монгол улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жил, “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ”-ний 30 жил, “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа” тогтоосны 10 жилийн ой тус тус тохиож байгаа юм.
Үзэсгэлэнд тэртээх 1952 оны 10 дугаар сард Улаанбаатар хотноо болсон “Монгол-Хятадын найрамдлын 10 хоног” соёлын арга хэмжээний үеэр нийтэд дэлгэсэн зарим үзмэрүүдээс дээжлэн, Маршал Х.Чойбалсан тэргүүтэй БНМАУ-ын удирдагчдад БНХАУ-аас бэлэглэсэн утга гүн, үзэмж төгөлдөр зарим үзмэр, эд өлгийн зүйлс болон хоёр орны найрамдлын түүхийн бодит гэрч болох хосгүй нандин дурсгалууд дэлгэгджээ.
Тус үзэсгэлэнг зохион байгуулахад БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яам дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байгаа ба 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл тус музейн үзэсгэлэнгийн танхимд олон нийтэд нээлттэй гарах юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!