Индонез улсын засгийн газар Apple компанийн iPhone 16 загварын гар утсыг өөрийн зах зээлд худалдаалахыг хоригложээ.
Өнгөрсөн есдүгээр сард танилцуулагдсан уг бүтээгдэхүүн Индонез улсад шинээр хэрэгжиж эхэлсэн хуулийн шаардлагыг хангахгүй байгаа юм байна.
Шинэ хуулийн дагуу Зүүн Өмнөд Азийн энэ улсад зарагдах бүх гар утас, таблет бүтээгдэхүүнүүдийн эд ангийн ядаж 40 хувь Индонезын үйлдвэрийнх байх ёстой болжээ.
Гадаадын хөрөнгө оруулалтыг татах, дотоодын үйлдвэрлэгчдийг хамгаалах зорилгоор ийм хууль баталсан юм байна.
Баасан гарагт Индонезын Аж Үйлдвэрийн яамнаас гаргасан мэдэгдэлд Apple компанийн iPhone 16 бүтээгдэхүүн “дотоод үйлдвэрийн орц нийлүүлэлт” гэсэн шаардлагыг хангаагүй тул хориглож байгааг тайлбарлажээ.
Одоогоор зах зээлд нь албан бусаар 9,000 орчим iPhone 16 загварууд орж ирсэн байгаа бөгөөд тэдгээрийн шилжилт хөдөлгөөнийг хянаж, хэрвээ худалдаалагдаж байгаа нь тогтоогдвол хууль зөрчсөн үйлдэл гэж үзэхээ тус яам бас анхааруулсан байна.
Индонезын зах зээлд одоо өмнөх загварын iPhone гар утаснууд чөлөөтэй худалдаалагдаж байгаа. Шинэ 16 загварыг хувь хүмүүс зөвхөн өөрөө хэрэглэх зорилгоор гаднаас оруулж ирэх боломжтой гэнэ.
Индонезын эрх баригчид энэ сард Apple компанийн тус улсад оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ 1.5 их наяд рупиа ($95 сая) хүрснийг мэдээлэхдээ анх амласан 1.7 их наяддаа хүрээгүй байгааг давхар анхааруулж байжээ.
Тиймээс iPhone 16 загварын хориг нь хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийг Apple компанид сануулсан хэрэг бололтой.
Apple компани одоогоор Индонез улсад аппликэйшн хөгжүүлэгчдийн дөрвөн академи байгуулаад байгаа.
Энэ оны дөрөвдүгээр сард тус компанийн гүйцэтгэх захирал Тим Кук үйлдвэрлэлийн салбараа Индонез улсад байгуулах боломжийг судалж байгаагаа мэдэгдэж байв.
Индонез нь 280 сая гаруй хүн амтай бөгөөд хүн амын тоогоор дэлхийд дөрөвт жагсдаг.
Бас Apple компанийн өсөн нэмэгдэж буй чухал зах зээл юм.
Гэхдээ Индонезын эрх баригчдын хориг Apple компанийн нийт борлуулалтад төдийлөн нөлөөлөхгүй гэж судлаачид үзэж байна.
Financial Times сонины мэдээлснээр 2023 онд Apple компани дэлхий даяар 235 сая гар утас зарсны дөнгөж 3.4 сая нь Индонезын зах зээлд борлогдож байжээ. Гэхдээ нийт тоо хэмжээ нь төдийлөн их биш ч өсөлтийн хувь нь Apple-ийн анхаарлыг татахгүй байхын аргагүй юм.
Технологийн зах зээлийн судалгааны Counterpoint компанийн тооцоолсноор Индонез улсад өндөр үнэтэй ангиллын буюу $600-аас дээш үнэтэй гар утасны зах зээлийн жилийн өсөлт 6 хувьтай байгаа гэнэ. Үүний 40 орчим хувь iPhone юм байна.
Эх сурвалж: Business Insider
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!