Уншиж байна ...

"Францын бизнесийн төлөөлөгчид нийтийн тээврийг төрөлжүүлэх, замын түгжрэлийг бууруулах чиглэлээр хамтран ажиллах санал тавилаа"

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 10 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Францын хүнс хөдөө аж ахуй, уул уурхай, тээвэр, эрчим хүч, үйлчилгээ, Төрийн хөрөнгө оруулалтын банк зэрэг 15 салбарын төлөөлөгч оролцож, хамтран ажиллах чиглэлээр хотын даргатай санал солилцжээ.

Энэ талаар Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Коринн Пэрера "Бид хиймэл дагуул, эрчим хүч, уран, хотын тээвэр логистик зэрэг томоохон сэдвийн хүрээнд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо. Уулзалтын хувьд асуудлыг техник, эдийн засгийн аль аль талаас цогцоор нь шийдэхийг зорьж, танилцууллаа” гэдгийг илэрхийлэв.

Хотын дарга Х.Нямбаатар “Бүгд Найрамдах Франц Улсын аж үйлдвэрийн салбарт улсдаа төдийгүй дэлхийд тэргүүлэгч бизнесийн төлөөлөгчид Улаанбаатар хотын нийтийн тээврийг төрөлжүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зэрэг чиглэлээр хамтран ажиллах саналуудыг бидэнд тавилаа.

Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улс хооронд эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, БНФУ-ын томоохон компаниуд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулах боломжийг бий болгох, Францын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд дэд бүтцийн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх боломжийн талаар харилцан санал солилцлоо” хэмээлээ.

Түүнчлэн Францын “ПОМА” компани нь Улаанбаатар хотын дүүжин тээврийн төслийн нэгдүгээр шугамын ажлыг хэрэгжүүлж буй бөгөөд төлөвлөгөөний дагуу ажлыг гүйцэтгэнэ гэдгээ илэрхийлжээ.