Уншиж байна ...

ТикТокыг үүсгэн байгуулагч Хятадын хамгийн баян хүн болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 10 сарын 30
iKon.MN
Зураг зураг

ТикТок сошиал платформын хэрэглээ дэлхий даяар эрчимтэй нэмэгдсэн нь тус компанийн толгой компани ByteDance-ийн үүсгэн байгуулагчдын нэгийг Хятадын хамгийн баян хүн болгожээ.

“Hurun Research Institute” судалгааны байгууллагын гаргасан Хятадын тэрбумтнуудын энэ оны жагсаалтыг Зан Имин $49.3 тэрбумын хөрөнгөөр тэргүүлсэн байна.

Түүний хөрөнгийн хэмжээ 2023 оныхоо хэмжээнээс 43 хувиар өсжээ.

Одоо 41 настай Зан Имин 2021 онд ByteDance компанийн гүйцэтгэх удирдлагыг бусдад шилжүүлж байсан ч одоо компанийнхаа 20 орчим хувийг эзэмшдэг гэнэ.

ТикТокыг Хятадын засгийн газартай холбоотой байж магадгүй гэсэн хардлага Өрнөдийн зарим эрх баригчдын хүрээнд бий болсон нь түүнийг үүрэгт ажлаа бусдад шилжүүлэхэд хүргэсэн юм.

Одоо АНУ-ын засаг захиргааны түвшинд ByteDance компани 2025 оны нэгдүгээр сараас өмнө ТикТокыг өөр компанид зарахгүй бол үйл ажиллагааг нь нутаг дэвсгэртээ хориглох асуудал яригддаг.

ByteDance болон ТикТок өөрсдийн үйл ажиллагааг Хятадын эрх баригчидтай ямар ч хамааралгүйг батлан илэрхийлсээр байгаа.

Хэдийгээр ийм дарамт шахалт дор ажиллаж байгаа ч ByteDance-ийн орлого өнгөрсөн онд 60 хувиар өссөн юм.

Энэ өсөлт Зан Иминийг улсынхаа тэргүүн баян болоход нөлөөлжээ.

“Сүүлийн 26 жилийн хугацаанд Хятадын зах зээлд 18 тэргүүн баян төрөн гарсны сүүлийнх нь Зан Имин юм. Харьцуулбал ижил хугацаанд АНУ-д Билл Гэйтс, Уоррен Баффет, Жэф Безос, Илон Маск гэсэн дөрөвхөн тэргүүн баян тодорч байлаа. Энэ үзүүлэлт Хятадын эдийн засгийн динамик шинж чанарыг илтгэж байна” гэж Hurun-ий тайланд онцолсон байна.

 

Эх сурвалж: BBC