Уншиж байна ...
Зураг
Зураг

Чингис хаан одонг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүнд олгоно

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 10 сарын 30
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ирэх сарын 2-нд болох Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн Чингис хаан одон хүртээх талаар Ерөнхийлөгчийн Тамгын Газар (ЕТГ)-аас өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.

Энэ үеэр ЕТГ-ын дарга Г.Занданшатар "Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Монгол бахархлын өдөр, Их эзэн Чингис хааны мэндэлсний өдөрт Чингис хаан одонг гардуулж өгөх уламжлалтай. Одонг 2005 оноос жил бүр гардуулж өгч ирсэн. 

Ингэхдээ улсдаа үнэтэй хувь нэмрээ оруулсан иргэнд болон дэлхийн энх тайванд нөлөө үзүүлсэн гаднын иргэнийг шагнадаг уламжлалтай.

Үүний дагуу Ерөнхийлөгчийн зарлигаар Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын найм дахь ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүнд Чингис хаан одонгоор шагнахаар боллоо. 

Түүнийг БНСУ-ын Гадаад хэргийн сайдаар ажиллаж байхдаа Монгол-БНСУ-ын харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулсан, 2009 онд манай улсад айлчлахдаа хоёр улсын эдийн засгийн харилцааг дээшлүүлж, бүх салбарт хөгжлийн гарааг тавьсан эрхэм.

Түүнчлэн НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа далайд гарцгүй орнуудын төвийг Монгол Улсад байгуулж, манай улсын газарзүйн онцгой нөхцөл байдалтай уялдуулан, дэмжлэг үзүүлж байлаа.

Мөн түүний санаачилгаар байгуулагдсан "Ногоон хөгжлийн сан"-гаар дамжуулан манай улсад 470 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгож байсан юм" гэж онцоллоо. 

Чингис хааны одонг хамгийн анх 2005 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбатад олгож байв. Харин гаднын иргэдээс 2022 онд АНУ-ын эрдэмтэн судлаач, доктор профессор Жэк Уэтерфордод одон өгсөн анхны тохиолдол болсон билээ.