Уншиж байна ...

Чечень дэх Оросын тусгай хүчний их сургууль нисгэгчгүй онгоцны цохилтод өртөв

Т.Давааням, ikon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Мягмар гарагийн өглөө эрт Чеченийн нийслэлийн ойролцоо байдаг Оросын тусгай хүчний их сургуулийн байр нисгэгчгүй онгоцны цохилтод өртсөн талаар тус Бүгд Найрамдах Улсын тэргүүн Рамзан Кадыров мэдээлжээ.

Энэ нь Украины дайн эхэлснээс хойш ОХУ-ын Ар Кавказын бүс нутаг анх удаагаа дроны дайралтад өртсөн тохиолдол болж байна.

“Өглөөний 6:30 цагийн үед Гудермес дэх Оросын Тусгай Хүчний Их сургуулийн харьяа газарт оршдог эзгүй барилгын дээвэр дроны дайралтын улмаас шатлаа” гэж Кадыров мэдээлсэн байна.

Гудермес бол Чеченийн нийслэл Грозный хотоос зүүн зүгт 36 км зайтай оршдог жижиг хот юм.

Сошиал сүлжээнд тарсан гэрэл зургуудаас тус сургуулийн гол байрны дээвэр шатаж, их хэмжээний хар утаа гарч байгаа нь харагдаж байв.

“Хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй. Галыг унтрааж чадсан” гэж Кадыров өөрийн Телеграм хуудсанд бичжээ. Бас уг халдлага сургуулийн үйл ажиллагааг тасалдуулаагүйг мэдээлсэн байна.

Кадыров дроны халдлагыг Украинаас гаралтай гэж шууд бичээгүй ч цагдаа нар мөрдөн шалгаж байгаа талаар мэдэгдэлдээ дурджээ.

Оросын холбооны нэг субъект болох Чечень нь Украины зүүн өмнөд хилээс 600 орчим километр зайд оршдог.

Халдлагад өртсөн сургууль нь тусгай хүчний дайчдыг бэлдэх зориулалттай Оросын цорын ганц хувийн хэвшлийн сургууль юм байна.

2022 онд Оросын цэрэг Украинд халдан довтолсны дараа Кадыров энэхүү сургуулийг нээж байжээ. Тус сургууль Украины фронтод байлдах дайчдыг бэлдэхээс гадна энэ хавраас эхлэн дроны үйлдвэрлэлийн салбар нээсэн гэх мэдээлэл бий.

Кадыров энэ сургуулиа ОХУ-ын ерөнхийлөгч Путиний нэрэмжит болгосон бөгөөд Путин өөрөө энэ оны наймдугаар сард анх удаа биечлэн танилцаж байжээ.

 

Эх сурвалж: The Moscow Times