Монгол, Хятад хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 75 жилийн ойг тохиолдуулан БНХАУ-ын Хэбэй мужийн Жанжакоу хотын Намын хорооны Нарийн бичгийн дарга, Байнгын хорооны гишүүн Чен Чонг тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчлан иржээ.
Зочид хотын орлогч даргатай уулзалт хийж, талууд сэргээгдэх эрчим хүчийг Улаанбаатар хотын гэр хорооллын өрхүүдэд нэвтрүүлснээр агаарын бохирдлыг бууруулахад ихээхэн ач холбогдолтой талаар ярилцсан байна.
Түүнчлэн Улаанбаатар хотын түгжрэлийг багасгахад ухаалаг гэрлэн дохио, ухаалаг авто замын зогсоолыг сүүлийн үеийн технологиор нэвтрүүлэхэд хамтарч ажиллах талаар харилцан санал солилцов.
Жанжакоу хот нь соёл, аялал жуулчлал, автомашины үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүч, мэдээлэл технологи, дата төв зэрэг салбарыг түлхүү хөгжүүлж, улсдаа тэргүүлэх чиглэл болгож чадсан байна.
Уулзалтын төгсгөлд Жанжакоу хотын Намын хорооны Нарийн бичгийн дарга, Байнгын хорооны гишүүн Чен Чонг цаашид хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд бүхий л талаар дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийлж, хоёр хот хамтарч ажиллах тухай эрмэлзлийн бичгийг хүлээлгэж өгчээ.
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
20 СЭТГЭГДЭЛТЭЙ
|