Уншиж байна ...

П.Бадамрагчаа: "Шүүхийн индекс 2023" судалгаанд нээлттэй ил тод байдлын хэмжигдэхүүн хамгийн өндөр оноо авсан

Н.Эрхбаяр, iKon.mn
3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нээлттэй Нийгэм Форум "Оюуны-Инноваци" ТББ-тай хамтран хэрэгжүүлж буй "Монгол Улс: Шүүхийн индекс 2023" судалгааны үр дүнг танилцуулах хэвлэлийн өнөөдөр боллоо. 

Шүүхийн индекс нь шүүхийн үйл ажиллагаа, шалгуур үзүүлэлтүүдийн дагуу олон талаас нь бодитой хэмжих, үйл ажиллагааг үнэлэх хэрэгсэл аж. Энэ үйл ажиллагааг зургаан үндсэн хэмжигдэхүүн, 42 дэд хэмжигдэхүүн, 108 шалгуур үзүүлэлтээр хэмждэг байна. "Монгол Улс: Шүүхийн индекс" судалгаа нь 2021 онд анх хийгдэж байжээ. 

"Монгол Улс: Шүүхийн индекс 2023" судалгааны ерөнхий үр дүнг Нээлттэй нийгэм форумын эрх зүйн хөтөлбөрийн менежер П.Бадамрагчаа танилцуулав.

Тэрбээр "Бид захиргааны статистик мэдээлэлд тулгуурладаг учраас 2023 он дууссанаас хойших дата, мэдээллийг 2024 онд боловсруулж гаргаж байгаа. 

Шүүхийн индексийг 2021 онд анх эхлүүлэхдээ 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн үзэл санааг хадгалах, 2021 онд батлагдсан шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлал амьдрал дээр хэрхэн хэрэгжиж буйг шалгах, шүүхийн шинэтгэлийн үр нөлөөг үнэлэх бодит хэрэгцээ шаардлага байгаа учраас нийлүүлэлтийг бий болгох үүднээс хийсэн. 

Мөн шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх чухал алхмуудыг аливаа ухралтаас хамгаалахын тулд энэхүү судалгааны ажлыг тогтмол хийж хэрэгжүүлэхээр болсон. 2021 оны суурь судалгаагаар Монгол Улсын шүүх авч болох 100 онооноос 51.94 гэсэн оноотой байсан. Харин 2023 хувьд 53.22 оноог авсан байна. 

Хамгийн өндөр ахиц дэвшил гарсан нь шүүгчийн ёс зүй ба хариуцлагын асуудлаар 12 оноогоор ахиц гарсан бол шүүхэд итгэх олон нийтийн итгэл 4.77 оноогоор буурсан үзүүлэлттэй байна. 

42 дэд хэмжигдэхүүнээс хамгийн бага оноо авсан нь шүүхийн үр ашигтай үйл ажиллагаа, дэд бүтэц нөөцтэй холбоотой асуудал юм. Шүүхийн үр ашгийн тухай ойлголтын төсөөлөл, барилга байгууламжийн асуудал, захиргааны үйлчилгээ, мэдээллийн технологи, эрсдэлийн удирдлагын тогтолцоо гэх үзүүлэлт нь 29.57-38.88 гэсэн оноо авч, хамгийн бага үзүүлэлтийг үзүүлжээ. 
Хамгийн өндөр авсан нь нээлттэй ил тод байдалтай холбоотой үзүүлэлт юм. Хэргийн материалтай танилцах боломж, хэрэг шийдвэрлэлтийн хувь, шүүгчтэй холбоотой гомдлын мэдээллийн ил тод байдал, шүүх хуралдааны нээлттэй байдал, шүүхийн шийдвэрийн ил тод байдал гэх үзүүлэлтээр 75.37-86.84 оноо авсан байна" гэв. 

"Шүүхийн индекс нь гурван эх сурвалж дээр үндэслэгдэж явагддаг"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үргэлжлүүлэн шүүхийн индексийг мэдээллийг ямар эх сурвалжаас гаргаж авсныг "Оюуны-Инноваци" ТББ-ын судалгааны багийн төлөөлөл, судлаач Б.Төрболд танилцууллаа. 

Тэрбээр "Шүүхийн индексийг 1. олон нийтийн санал асуулга, 2. мэргэжилтнүүд буюу шүүгч, прокурор, өмгөөлөгч, 3. захиргааны мэдээлэл гэсэн үндсэн гурван эх сурвалж дээр үндэслэгдэж явагддаг. 

Олон нийтийн санал асуулгыг авахдаа Монгол Улсын 18 наснаас дээш 2.1 иргэдээс түүвэрлэж 2,007 хүнийг сонгож 2023 оны арванхоёрдугаар сарын 8-31-ны өдрийн хугацаанд утсаар холбогдож, судалгаа авсан. 

Харин мэргэжилтнүүдээс санал авах ажлыг "Оюуны-Инноваци" ТББ 2024 оны 1, 2 дугаар сард цахим хэлбэрээр зохион байгуулсан. 2023 оны судалгаанд 135 шүүгч, 157 прокурор, 99 өмгөөлөгч, 27 хуульч оролцсон нь өмнөх судалгааны үзүүлэлтийг авсан зүйл юм. 2021 онд шүүгч 99, прокурор 138, өмгөөлөгч 88, хуульч 62 байсан. 

Захиргааны мэдээллийн хувьд "Оюуны-Инноваци" ТББ 2021-2023 оны Монгол Улсын шүүхийн тайлан, Шүүхийн сахилгын хорооны тайлан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын иргэн, эрүү, захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлийн статистик мэдээллийг авсан байгаа" хэмээн ярилаа.