Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийг шадар сайд Т.Доржханд танилцууллаа.
Энэ үеэр тэрбээр "Эрчим хүчний үнэ тарифыг өөрчилж богино хугацааны стратеги эхлүүлэх" талаар хэлсэн юм.
Үүнтэй холбоотой сэтгүүлчдийн асуултад тэрбээр дараах хариултыг хэлсэн юм.
Сэтгүүлч: Татаас ямар байх вэ?
Шадар сайд Т.Доржханд: Өрх гэр, бизнес эрхлэгчдэд дарамт үзүүлэхгүй. Гурван тал гурвуулаа жигд ачаалал авч байгаа.
Тухайлбал улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ирэх жил бага орлоготой иргэдэд нь тодорхой хэмжээний татаас өгье. Ямар нэгэн дарамт авахгүйгээр асуудлыг шийдье.
Түүнчлэн ногоон хөгжлийн банк байгуулаад гадаад, дотоодоос хямд эх үүсвэр татаж, улмаар түүнээс өрх гэр лүүгээ хөнгөлөлттэй зээл өгөх зорилготой байна.
Эрчим хүчний компаниуд болон олон улсын байгууллагуудын хөрөнгийг ашиглаад тоолууржуулах, ухаалаг аппликэйшн бий болгох, иргэд өөрсдөө мөнгөө хэмнэх, өдөр бүр 25 хэмийн дулаанд биш тохируулгаа буулгаад эрчим хүч, дулааныг хэмнэх боломжуудыг гаргаж өгөх ажлыг цогцоор хийж, уялдуулан яриа хэлцэл хийгээд явж байгаа.
Атомын цахилгаан станц барих боломжтой юу гэвэл бүрэн боломжтой. Франц улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд ураны төслийг ярьж, намын бүлгүүдээр хэлэлцүүлэг хийгээд дэмжиж байгаа. Энэ нь эрчим хүчний нэг эх үүсвэр мөн.
Сэтгүүлч: Цаашид таны хэлсэнчлэн эрчим хүчний экспорт хэзээ хийгдэх вэ?
Шадар сайд Т.Доржханд: Эхний ээлжид үе шаттайгаар ядаж эрчим хүчээ өөрсдөө хангадаг байх бодлого руу чиглэж байгаа. Үүнийг 2028 онд бүрэн гүйцэд хийж чадна. Бодитой экспортлох асуудал 2028 оноос хийгдэх болов уу. Хувийн секторууд бага хэмжээгээр экспортлох ажлуудыг өнөөдрөөс хийгээд явж байна.
Монгол Улсад том хэмжээний хөрөнгө оруулалт, экспорт хийе гэсэн хөрөнгө оруулагчидтай уулзаж байна. Тэд тодорхой бодлого, хууль эрх зүй, улс төрийн тогтвортой орчныг хүсэж байгаа. Тийм учраас бид Эрчим хүчний хуульд өөрчлөлт оруулж, бодлогын нөхцөлөөр хангавал экспорт хийх бүрэн боломжтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!