Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/10/30-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Олонбаяр: БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар баригдсан хүүхдийн амбулаторийг арванхоёрдугаар сарын 1-нд нээнэ

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 10 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт БНХАУ-ын Энхтайвны нийгэмлэгийн хөрөнгө оруулалтаар баригдсан гурван давхар хүүхдийн амбулаторийн эмнэлгийн барилгыг өнөөдөр ашиглалтад оруулжээ. Энэ нь дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн амбулатори юм байна.

Энэ талаар Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн захирал Ц.Олонбаяр "Сонгинохайрхан дүүрэг 153,000 хүүхэдтэй. Эдгээр хүүхдэд дүүргийн нэгдсэн эмнэлэг дангаар үйлчилгээ үзүүлдэг.

Харин хүүхдийн амбулаторитой болсноор Толгойт, Нефть орчмын хүүхдүүд 10-н буудал буюу Баянгол дүүргийн 20 дугаар хорооны эмнэлэг рүү хол явж, үзүүлдэг байсан юм. Одоо хороондоо эмнэлэгтэй боллоо.

Тус эмнэлэг нь Монгол Улсад хэрэгжиж буй амбулаторийн стандартын дагуу орчин үеийн тоног төхөөрөмж, хүүхдийн болон шүдний эмчтэй бөгөөд бүх тусламж үйлчилгээг үзүүлнэ.

Улирлын томуугийн ид дэгдэлтийн үеэр нэгдсэн эмнэлэгт өдөрт 240-270, жилд 20,000 хүүхэд үзүүлдэг. Энэхүү ачааллыг хүүхдийн шинэ амбулатори хуваалцана.

Арванхоёрдугаар сарын 1-н гэхэд тус эмнэлгийн үйл ажиллагааг албан ёсоор нээнэ" гэж мэдээллээ.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжуань: Миний бие Сонгинохайрхан дүүрэгт хоёр дахь удаагаа ирж ажиллаж байна. Өмнө нь Хүүхэд залуучуудын театрын нээлтэд оролцож байсан. Энэ удаад хүүхдийн эмнэлгийн нээлтэд оролцож байна.

Хятад улсын Энхтайвны нийгэмлэгийн сангийн буцалтгүй тусламжаар Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд хүүхдийн амбулатори эмнэлгийг барьж, хүлээлгэж өглөө. Тус нийгэмлэг нь 10 гаруй жилийн хугацаанд хүүхдийн долоон эмнэлэг, нэг эмнэлэг барьсан байна.

Монголын хүүхэд бүр эрүүл саруул өсөхөд хамтран ажиллахад бэлэн байна.


Тус эмнэлэг нь нийт 582.98 ам метр талбайтай бөгөөд 41 өрөө болон өдрөөр эмчлүүлэх 10 орноос бүрдсэн зохион байгуулалттай. Хүүхдийн амбулаторийн эмнэлгийн барилгыг Хятад улсын Энхтайвны нийгэмлэгийн хөрөнгө оруулалтаар барьжээ.