Уншиж байна ...

Ford компанийн гүйцэтгэх захирал зургаан сар унаж байгаа Xiaomi цахилгаан автомашинаасаа татгалзах бодолгүй гэнэ

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 цаг 54 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Америкийн томоохон автомашин үйлдвэрлэгч Форд компанийн гүйцэтгэх захирал Жим Фарли сүүлийн зургаан сарын турш Хятадын Xiaomi компанийн цахилгаан хөдөлгүүрт автомашиныг унаж байгаа бөгөөд цаашид үргэлжлүүлэн унах бодолтой байгаагаа мэдэгджээ.

Энэ долоо хоногийн эхээр тэр Британийн хөтлөгч Роберт Левеллиний “The Fully Charged Podcast” нэвтрүүлэгт оролцохдоо энэ талаар ярьсан байна.

Фарлигийн ярьсан Xiaomi Speed Ultra 7 загвар нь Хятадын электроникийн аварга үйлдвэрлэгчийн анхны автомашин юм.

“Би өрсөлдөөний тухай ярих тийм их дуртай хүн биш л дээ. Гэхдээ би одоо Xiaomi унаж байгаа. Шанхайгаас Чикагод агаараар тээвэрлэн авчирснаас хойш би зургаан сарын турш унаж байна. Үүнээсээ татгалзах бодолгүй байна” гэж Фарли ярьжээ.

Xiaomi компани уг загвараа SU7, SU7 Pro, SU7 Max гурван хувилбартай үйлдвэрлэсэн юм.

Фарли аль хувилбарыг эдэлж байгаагаа хэлээгүй байна.

зураг
 

“Үнэхээр гайхалтай. Тэд сарын дотор арав, хорин мянгаар нь зарсан. Тэд автомашины компаниудаас хүчтэй хэрэглэгчийн брэндтэй гэдгийг мэдэж байгаа биз дээ” гэж тэр SU7 загварын амжилтыг магтан ярьжээ.

Гэхдээ SU7 нь Xiaomi компанид одоогоор ашиг бус, алдагдал учруулаад байгаа.

Наймдугаар сарын 21-нд тус компани энэ оны хоёрдугаар улирлын тайлангаа танилцуулахад автомашины салбар нь $252 саяын алдагдалтай ажилласныг зарласан юм.

Өөрөөр хэлбэл шинэ бүтээгдэхүүнээ нэгж тутамд $9,200-ын алдагдалтай борлуулсан нь тодорхой болсон. Хоёрдугаар улиралд Xiaomi нийт 27,307 ширхэг SU7 борлуулсан юм.

Гэхдээ компанийн төлөөлөгч SU7 загварын үйлдвэрлэл өргөжих тусам зардал нь буурснаар ашигтай түвшинд хүрэх боломжтойг тайлбарлаж байв.

Жим Фарлигийн хувьд Хятадын автомашины салбарын өсөлт, хөгжлийг анх удаа магтсан нь энэ биш юм.

Хятадын автомашин үйлдвэрлэл Форд компанийн оршин тогтнолд “аюул занал” учруулах хэмжээнд хүрснийг тэр төлөөлөн удирдах зөвлөлдөө хэлсэн тухай The Wall Street Journal есдүгээр сард мэдээлж байлаа.

Форд компанийн цахилгаан хөдөлгүүрт шилжих стратеги төдийлөн амжилттай болохгүй байгаа. Наймдугаар сард тус компанийн санхүү эрхэлсэн дэд захирал Жон Лоулер стратегиа өөрчилж, төлөвлөсөн байсан цахилгаан хөдөлгүүрт загваруудаа хайбрид загварт хувиргах болсон тухай ярьж байжээ. Энэ хувиргалт Форд компанид $2 тэрбумын нэмэлт зардал үүсгэж буйг тэр хэлсэн юм.

 

Эх сурвалж: Business Insider