Уншиж байна ...

Газын зурвасыг сэргээн босгоход 350 жил шаардлагатайг НҮБ тооцоолжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
8 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Израил улс Хамас зэвсэгт байгууллагыг устгах зорилгоор Палестины газар нутаг болох Газын зурваст дэлхийн хоёрдугаар дайнаас хойших хамгийн их хохирол, сүйрэлтэй байлдааны ажиллагаануудын нэгийг явуулж байгаа.

НҮБ-ын харьяа байгууллагууд энэхүү гамшгийн дараа Газын зурвасыг сэргээн босгоход урт хугацаа шаардлагатайг анхааруулж байсан.

Тэгвэл Даваа гарагт НҮБ-ын Худалдаа, Хөгжлийн Бага хурлаас гаргасан судалгааны тайланд энэ хугацааг 350 жил гэж тооцоолжээ.

Нэг жил гаруйн өмнө эхэлсэн дайнаас өмнө Газын зурвас нь Израил болон Египет улсуудын эдийн засгийн хатуу хаалт, хориг дор оршиж байсан юм.

2007 онд Хамас зэвсэгт байгууллага Газад хяналтаа тогтоосны дараа хөрш улсууд нь ийм арга хэмжээ авч байжээ.

“Байнга гал зогсоох хэлэлцээрт хүрч чадаад 2023 оны аравдугаар сараас өмнөх статус-кводоо буцсан ч Газын зурвас сэргээн босголт, тогтвортой хөгжлийн замдаа орж чадахгүй. 2007-2022 оны жилийн дундаж өсөлт 0.4 хувьдаа буцаж хүрсэн ч 2022 оны Газын дотоодын нийт бүтээгдэхүүний (GDP - Gross Domestic Product) түвшинд хүрэхийн тулд 350 жил шаардлагатай” гэж дээрх тайланд дүгнэсэн байна.

Энэ бүс нутгийн хүн ам өссөн ч нэг хүнд ногдох GDP-ийн хэмжээ тасралтгүй, огцом уруудахаар байгааг тооцоолжээ.

Дээрх тайланг танилцуулсны дараа Израилийн НҮБ-д суугаа элч төлөөлөгч Дэнни Данон “Хамасын дэглэм тогтсоор байгаа цагт Газын зурвасын ард иргэдэд ямар ч ирээдүй байхгүй” гэж мэдэгдсэн байна.

350 жил бол маш урт хугацаа. Зүйрлүүлбэл 17 дугаар зууны сүүлээр Англи, Холландын хооронд өрнөсөн дайны хохирол сүйрэл одоо л бүрэн гүйцэд арилж байгаатай адил юм.

Хамас-Израилийн дайны эхний долоон сарын хугацааны эдийн засгийн уналтаас 2007-2022 оны хугацаанд гарсан Газын дундаж GDP-ийн өсөлтийн түвшинд хүргэхэд ямар хугацаа орохыг тооцоолсноо судалгааг ахалсан Рами Аллазе тайлбарлажээ. “Бидний дүгнэлт нь Газын сэргээн босголт үүнийг бий болгох таатай орчин бүрдсэн эсэхээс хамаарахыг харуулж байгаа юм. Харин Газад сэргэх найдлага байхгүй тул гарцаагүй 350 жил шаардлагатай гэсэн үг биш” гэж тэр тайлбарласан байна.

Өөрөөр хэлбэл дайнаас өмнөх хаалттай нөхцөл байдалдаа буцвал сэргэлтийн талаар бодох ч хэрэггүй гэж дүгнэжээ. Тиймээс заавал Хамасын засаглалаас гарч, хөрш орнуудтайгаа найрсаг харилцаа тогтоосон цагт л ирээдүй харагдах гэнэ.

Нэгдүгээр сарын сүүлээр Дэлхийн Банк 2022 оны Газын хохирлын хэмжээг $18.5 тэрбумд хүрсэн гэж дүгнэж байжээ.

Энэ нь Палестины хоёр нутаг дэвсгэр болох Баруун Эрэг болон Газын зурвасын 2022 оны нийлбэр эдийн засгийн бүтээмжтэй бараг тэнцэх тоо юм.

Үүнээс хойш Израилийн арми Газын өмнөд хагас, Рафа боомт хотын орчимд асар их хохиролтой байлдааны ажиллагаа явуулаад байгаа тул хохирлын хэмжээ нэмэгдэхээр байна.

 

Эх сурвалж: Associated Press