Уншиж байна ...

Г.Отгонтамир: Түгээлтийн машинууд техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй хөдөлгөөнд оролцож байна

Д.Янжиндулам, ikon.mn
41 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тээврийн Цагдаагийн Албанаас тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, өвлийн дугуйтай хөдөлгөөнд оролцож байгаа эсэх асуудлаар хяналт шалгалт хийжээ. 10 гаруй тээврийн хэрэгслийг шалгахад жолооч нар зөвхөн урд хоёр дугуйгаа өвлийн дугуйгаар сольсон эсвэл гулгаатай үед зуны дугуйтай хөдөлгөөнд оролцож буй зөрчлүүдийг илрүүлсэн байна.

Энэ талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир “Жолооч нар тээврийн хэрэгслийг өвөлд бэлтгэх ажлыг есдүгээр сарын сүүл, аравдугаар сарын эхээр урьдчилан бэлдэх ёстой. Ялангуяа алслагдсан гэр хорооллын гудамж, замууд цас орсны дараа амархан мөстдөг. Налуу, эгц замууд ч байдаг. Тиймээс жолооч нар тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, цас орсон болон гулгаатай үед зайлшгүй өвлийн дугуйтай хөдөлгөөнд оролцох хэрэгтэй. Ингэснээр өөрийн болон бусдын амь нас, эд хөрөнгийг хамгаалж, болзошгүй эрсдэлээс сэргийлнэ. 

Авто зам дээр шалгалт хийх үед түгээлтийн автомашинууд хүртэл тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй хөдөлгөөнд оролцож байна. Үүнд аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд анхаарах хэрэгтэй. Удаа дараа зөрчил гаргасан тохиолдолд тухайн байгууллагыг Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцуулдаг.

Иргэд өвлийн дугуйгүй байгаадаа олон тайлбар хэлж байгаа ч энэ бол эцэст нь таны болон бусдын амь нас, эд хөрөнгийг эрсдэлд оруулж болзошгүй чухал асуудал.

Мөн жолооч нар тээврийн хэрэгслийн гэрэл дохио зэрэг бусад бүрэн байдлыг ч хангах шаардлагатай” гэв.

Өвлийн дугуй нь арзгар хээ, ховилтой тул зуны дугуйтай харьцуулахад цас, мөстэй замд барьцалдах чадвар сайн. Халтиргаатай замд автомашины зогсох чадварыг 30-40 хувиар нэмэгдүүлдэг байна.