Уншиж байна ...

Өмнөд Солонгосын Нобелийн шагналтны зохиолын тухай маргаанд “Монгол толбо” дурдагдав

С.Мөнхцэцэг, ikon.mn
2 цаг 24 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Энэ оны утга зохиолын Нобелийн шагналыг Өмнөд Солонгосын зохиолч эмэгтэй Хан Кан хүртэхээр болсон билээ.

Түүний бичсэн номуудаас “The Vegetarian” (Цагаан хоолтон) нэртэй зохиол хэдэн жилийн өмнө олон улсын нэр хүндтэй Бүүкерийн шагнал хүртэж байсан юм.

Тэгвэл зохиолчийн эх оронд энэ номтой холбоотой маргаан дэгдсэн байна.

Энэ долоо хоногийн Мягмар гарагт тус улсын Эцэг Эхчүүдийн Үндэсний Холбоо гэдэг байгууллага дээрх номыг ерөнхий боловсролын сургуулиудын номын сангаас хасах шаардлага тавьжээ.

“Нобелийн шагналтан бичсэн гэдэг шалтгаанаар хэт туйлширсан, хүчирхийллийн агуулгатай номыг бага, дунд, ахлах сургуулийн номын санд байлгах ёсгүй” гэж уг холбооны мэдэгдэлд бичсэн байна.

Мягмар гарагийн орой гэхэд тэдний шаардлагыг 10,000 гаруй хүн дэмжиж гарын үсэг зурсан байв.

Тэд бас Сөүл хотын боловсролын газрын шинэ дарга Жүн Кын Сикэд “Та өөрөө энэ номыг бүтэн уншиж үзсэн үү? Насанд хүрээгүй ач зээ нартаа заавал уншуулахыг зөвлөх үү?” гэсэн асуултыг тавьсан байна.

Шаардлага тавьж буй холбоо нь консерватив үнэт зүйлсийг дэмжсээр ирсэн түүхтэй гэнэ.

Тухайлбал ижил хүйстний харилцаа зэрэг нийгмийн янз бүрийн үзэгдлүүдийн талаар өмнө нь эсэргүүцэл илэрхийлж байжээ.

“The Vegetarian” номыг тойрсон асуудал Мягмар гарагт Өмнөд Солонгосын парламентад бас хөндөгдсөн байна.

Өнгөрсөн онд Гёнги мужийн боловсролын газарт консерватив иргэний байгууллагуудаас ирсэн шаардлагын дагуу тус мужийн хэд хэдэн сургууль бэлгийн харилцааг ил тод дүрсэлсэн шалтгаанаар “The Vegetarian” номын 2,500 орчим хувийг номын сангаасаа хасаж байсан тухай энэ үеэр яригджээ.

Гёнги мужийн боловсролын газрын дарга Им Тэ Хи парламентын чуулганы үеэр “Энэ номыг би уншсан. Гүн гүнзгий агуулгатай бүтээл байна лээ. Зарим нэг бүлэгт, тухайлбал Монгол толботой (Mongolian Spot) бүлэгт бичигдсэн зүйл надад таагүй сэтгэгдэл төрүүлсэн. Сурагчдад ч бас тийм сэтгэгдэл төрж байгаа гэж би бодож байна” гэж ярьжээ.

Хариуд нь сөрөг хүчний Ардчилсан Намын гишүүн Жон Юл Хо уг шийдвэрийг нь шүүмжилж, “номын цензурын анархист хэлбэр” гэж тодорхойлсон байна.

Жич: Бидний олж мэдсэнээр Хан Каны бичсэн “The Vegetarian” номын хоёрдугаар бүлэг “Mongolian Spot” (Хөх толбо ч гэдэг) гэсэн нэртэй ажээ.

Энэ бүлэгт насанд хүрсэн ч нялх багын толбо нь хадгалагдаж үлдсэн хүний тухай эротик дүрслэл гардгийг эх сурвалжууд бичсэн байна.

 

Эх сурвалж: Korea Times