Нийслэл хотод өнгөрсөн зуны үерийн үеэр нурж, эвдэрсэн үерийн хамгаалалтын барилга байгууламжуудыг засварлах ажил арваннэгдүгээр сарын 10-ныг хүртэл үргэлжлэх юм байна.
Өнөөдөр Баянзүрх дүүрэг 13 дугаар хороо, Сүнжин гранд зочид буудлын хойд хэсэгт Зүүн-Уулын үерийн хамгаалалтын сувгийн нурж, эвдэрсэн 70м, Баянгол дүүрэг 2 дугаар хороо, Баруун-Уулын үерийн хамгаалалтын сувгийн эвдэрсэн 30м хэсэг, Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо, Энхтайвны гүүрний зүүн талын нүхэн гарцын замын гүүрний хэсэгт, Дунд голын эргийн хамгаалалтын 60м барилгын өргөтгөл шинэчлэл, засварын ажлыг дуусгажээ.
Энэ жил нийт хэчнээн даланг засварлаж байгааг "Геодези, Усны Барилга, Байгууламжийн Газар" ОНӨААТҮГ-ын дарга Б.Бямбасайханаас асуухад "Улаанбаатар хотод 2023 оны үерээс үүдэлтэйгээр нийт есөн байршлын далангуудад их, бага хэмжээний эвдрэл үүссэн. Эдгээрийг энэ жил засварлаж дуусгахгүй бол ирэх жил нэмж нураад өндөр өртгөөр засварлах болчхоод байгаа юм.
Хоёрдугаарт эвдэрсэн үерийн далангуудад халиа тошин ихээр үүсэх эрсдэлтэй учир арваннэгдүгээр сарын 10-ны дотор засварлаж дуусгахаар ажиллаж байна.
Хайлааст, Улиастай гол, Дунд гол буюу Шунхлай ШТС-ын буурин дээр, Сүнжин гранд зочид буудлын хойд хэсэгт Зүүн-Уул, Баянгол дүүргийн Баруун-Уул, Энхтайвны гүүрний зүүн талын нүхэн гарцын гээд зургаан байршлын үерийн даланг засварлаж, шинэчлэх ажил бүрэн дууссан.
Одоогийн байдлаар Дарь-Эхэд Ганцхудагийн урд, Бөмбөгөр худалдааны төвийн хажуугийн худалдааны төвийн хажуугийн үерийн даланг засварлаж эхлээд байна.
Хүйтэрчихвэл ес дэх байршил буюу Соёмботой хөшөөний хойд талын гүүрний эвдэрсэн даланг энэ жил засварлахгүй байж магадгүй. Уг гүүрийг хаачихсан байгаа.
Үерийн даланг засварлах, шинэчлэх ажлыг "Геодези, Усны Барилга, Байгууламжийн Газар" ОНӨААТҮГ-ын ажилтнууд гүйцэтгэж байгаа юм. Засварын ажлын санхүүжилт хүрэлцээтэй.
Үүнээс гадна 15 байршилд борооны ус зайлуулах шугамыг угсарсан" гэж мэдээллээ.
Нийслэлд халиа тошин арванхоёрдугаар сард үүсэх эрсдэлтэй байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!