Уншиж байна ...
Зураг
Зураг

2024 оны сонгуулийн дүнгээр аймаг, нийслэлийн түвшинд эмэгтэйчүүдийн төлөөлөл 11.2 хувиар нэмэгдэж сум, дүүргийн түвшинд 1.1 хувиар буурчээ

А.Төгөлдөр, iKon.mn
2024 оны 10 сарын 24
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Жендэрийн Үндэсний Хорооноос Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн урьдчилсан дүнг хүйсийн байдлаар өмнөх онтой харьцуулан мэдээлж байна. 

Аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал 796 мандаттай. Үүнээс хуралд сонгогдсон төлөөлөгчдийн 27.5 хувь нь эмэгтэй, 72.5 хувь нь эрэгтэй байна. Сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал 6,922 мандаттай. Сонгогдсон төлөөлөгчдийн 28.1 хувь нь эмэгтэй, 71.9 хувь нь эрэгтэй байна. 

Жендэрийн үндэсний хороо нь 2020 оноос эхлэн Үндэсний статистикийн хорооноос баталсан маягт, зааврын дагуу "Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгчдийн хүйсийн тэнцвэрт байдлын жилийн мэдээ"-г нэгдсэн программаар татаж нэгтгэн, тайлагнадаг. 2023 оны мэдээгээр аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдсон төлөөлөгчдийн 16.3 хувь нь эмэгтэй, 83.7 хувь нь эрэгтэй сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдсон төлөөлөгчдийн 29.2 хувь нь эмэгтэй, 70.8 хувь нь эрэгтэй төлөөлөгч байна. 

2024 оны сонгуулийн үр дүнг өмнөх оны мэдээтэй харьцуулахад аймаг, нийслэлийн түвшинд эмэгтэйчүүдийн төлөөлөл 11.2 хувиар нэмэгдэж сум, дүүргийн түвшинд 1.1 хувийн бууралтыг харуулж байна. 

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн хүйсийн тэнцвэрт байдлын 2024 оны мэдээг 2025 оны гуравдугаар сарын 1-ний дотор Жендэрийн үндэсний хороо эцэслэн нэгтгэж олон нийтэд тайлагнадаг ажээ.