Уншиж байна ...

"Сүрьеэг ханиадны эмээр хэзээ ч эмчлэх боломжгүйг иргэд санах хэрэгтэй"

П.Сайнжаргал, IKON.MN
1 цаг 44 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Монгол Улсад сүрьеэг устгахад иргэний нийгмийн манлайлал” форум “Олон нийтийн оролцоо, хүний эрх, жендэр” сэдвийн хүрээнд өнөөдөр зохион байгуулагдаж байна.

Энэ үеэр сүрьеэтэй холбоотой зарим мэдээллийг дараах байдлаар хүргэсэн юм. 

Тодруулбал: 

Сүрьеэ нь КОВИД-19-ийн дараа халдварт өвчнөөс үүдэлтэй нас баралтын тэргүүлэх шалтгаан болж, мөн ХДХВ-тэй хүмүүсийн дунд нас баралтын тэргүүлэх шалтгаан хэвээр байгаа. 
Монгол Улсад 2023 онд 2,357 сүрьеэгийн тохиолдол бүртгэгдсэн нь нийт тооцоолсон тохиолдлын 21.4 хувийг илрүүлж, эмчилж, чадаж байгааг харуулж байна.
Судалгаагаар сүрьеэгээр өвчилсөн гэр бүлийн 70 хувь нь санхүүгийн хүндрэлд орсон байна.

Монголын Сүрьеэтэй тэмцэх холбооны эрүүл мэндийн судалгааны удирдагч, Анагаах ухааны доктор Ц.Базаррагчаа хэлэхдээ "Сүрьеэ өвчин эдгэрдэг. Өнөөдөр дэлхий дахин сүрьеэгийн эмчилгээ улам богиносож байна.

Олон эмэнд тэсвэртэй сүрьеэг хоёр жил гаруй хугацаанд байсан бол эмнэл зүйн томоохон судалгаанд оролцож, дэлхий нийтийн хэмжээнд есөн сар эмчлэх боломжтой болсон. 

Энэ есөн сарын эмчилгээг хийхдээ тарилга тарьдаг байсныг хасаад эмийн эмчилгээгээр эдгэрэх боломжтой гэсэн томоохон нотолгоог Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-аас гаргаж өгсөн.

Монголын сүрьеэтэй тэмцэх холбооноос олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн зургаан сарын эмчилгээг 3-4 сар болгох олон улсын судалгаанд оролцох бэлтгэл ажлаа хангаж байна" гэлээ. 

"Шөнө хөлрөх, шалтгаангүй жин буурах зэрэг үндсэн шинж тэмдэг илэрдэг"

Үргэлжлүүлэн "14 хоногоос дээш хугацаанд ханиалгах, халуурах, шөнө хөлрөх, тодорхой шалтгаангүй жин буурах зэрэг үндсэн шинж тэмдэг илэрдэг. 

Дээрх шинж тэмдэг илэрвэл сүрьеэ байх магадлалтай. Монгол Улсад сүрьеэгийн тархалт нэлээд өндөр байна. Үүнийг дагаад далд халдвартай хүмүүс ч их бий. 

Хүмүүс өвлийн улиралд сүрьеэг ханиадтай их андуурдаг. Ханиад гээд л эмийн сангаас огт хамааралгүй ханиадны эм аваад уучихдаг асуудал бий. Ханиагаад ирэнгүүт л сэжиглэх хэрэгтэй" гэж зөвлөлөө. 

"Хамгийн гол нь сүрьеэ ханиадны эм, өөр бусад антибиотик хэрэглэснээр хэзээ ч эдгэхгүй"

ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны тасгийн эрхлэгч П.Насанжаргал "Сүрьеэ өвчин коронавирусийн өмнө ба дараа нэлээд ялгаатай байгаа.

КОВИД-19-өөс өмнө жил бүр 3,500-4,000 орчим мэдрэг сүрьеэгийн тохиолдол оношлогддог байсан. Харин коронавирусийн дараа 2,500-2,700 руу буурч байна. 

Одоо коронавирусийн нөлөө буурсан ч сүрьеэгийн тохиолдол өсөхгүй байгаа. Хүмүүс  хүндэрсэн үедээ л эмнэлэгт хандаж байна. Дан ганц эрүүл мэндийн байгууллагын оролцоо хангалтгүй иргэд өөрсдөө сүрьеэгийн талаар мэдлэг, мэдээлэлтэй байх нь чухал. 

Ар гэрээс нь хэн нэгэн хүн сүрьеэгээр өвдсөн бол эмнэлгийн тусламжийг эрт авах хэрэгтэй. 

Сүрьеэг ханиадтай андуурдаг, үүнээс гадна тамхины хэрэглээнээс үүдэлтэй гэж боддог. Өөрөөр хэлбэл хүмүүс сүрьеэ биш өөр онош бодоод байдаг. Ханиад хүрснээс болж үлдэц өөрчлөлт илрээд байна эсвэл тамхитай холбоотой гэх мэтчилэн.

Хамгийн гол нь сүрьеэ ханиадны эм, өөр бусад антибиотик хэрэглэснээр хэзээ ч эдгэхгүй . Улам л хүндэрдэг. Тиймээс яг л сүрьеэгийн үүсгэгчийн эсрэг эмээр л эмчлэгдэнэ" гэлээ. 

"Сүрьеэ өвчнийг 85 ба түүнээс дээш хувийн амжилттай эмчилдэг"

Мөн "Манай орон сүрьеэ өвчнийг 85 ба түүнээс дээш хувийн амжилттай эмчилдэг.

Олон эмэнд эмэнд тэсвэртэй сүрьеэгийн хувьд эмчилгээ маш хэцүү, 24 сар хүртэл удаан үргэлжилдэг байсан. Харин одоо зургаан сар, есөн сар гэх горимуудтай болсон.

Эмэнд тэсвэртэй сүрьеэгийн амжилт дэлхий нийтэд 60 хувьтай байдаг. Харин манай орны хувьд 70-аас дээш хувийн амжилттай эмчилдэг. Тэгэхээр эмнэлгийн тусламж үйлчилгээ, эмчилгээ манай оронд сайн. Хамгийн гол нь сүрьеэтэй өвчтөнийг оношилж мэдэх нь чухал" гэв.