Уншиж байна ...

Энэтхэгийн ерөнхий сайд Германы канцлертай уулзахын тулд БРИКС-ийн чуулганаас эрт буцав

Т.Давааням, ikon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр өндөрлөх хуваарьтай БРИКС-ийн чуулганыг Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди дундаас нь орхин буцжээ.

Тэрбээр өчигдөр буюу Лхагва гарагт эх орондоо буцахаар онгоцонд суусныг Энэтхэгийн гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Рандхир Жайсвал сошиал хуудсандаа мэдээлсэн байна.

Моди чуулганы эхний өдөр буюу Мягмар гарагт өргөтгөсөн хуралдаанд оролцсоны дараа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзсан юм.

Маргааш нь тэр чуулганд оролцсон хэд хэдэн удирдагчтай уулзсаныхаа дараа Дели хотыг зорьжээ.

БРИКС-ийн чуулганы үлдсэн хугацаанд Энэтхэгийн төлөөлөгчдийг тус улсын гадаад хэргийн сайд Субрамания Жайшанкар ахлахаар болсон байна.

Казань хотод зохион байгуулагдаж буй чуулганыг Моди эрт орхин явах болсон шалтгаан нь Германы канцлер Олаф Шольцийн айлчлалтай холбоотой ажээ.

Шольц өнөөдөр буюу Пүрэв гарагт хоёр улсын батлан хамгаалах, аюулгүй байдлын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой Делид айлчлан ирж байгаа.

Германы канцлер ерөнхий сайд Модигийн урилгаар ирж буйг Энэтхэгийн гадаад хэргийн яам мэдээлжээ.

Путинтэй уулзахдаа Моди гурав дахь жилдээ үргэлжилж буй Украины дайныг зогсоохыг уриалсан юм.

“Асуудлыг энх тайван замаар шийдвэрлэх ёстой гэдэгт бид итгэлтэй байна. Аль болох эрт энх тайван, тогтвортой байдалд хүрэхийг бид бүрэн дэмжиж байна” гэж хэлсэн Моди яриа хэлэлцээрт зуучлахад бэлэн байгаагаа мэдэгджээ.

Энэ оны долдугаар сард Москвад айлчлахдаа тэр бас Украины дайныг дуусгахыг Путинд уриалж байсан юм.

Модиг айлчилж ирсэн өдөр Оросын арми Киев хотын хамгийн том хүүхдийн эмнэлгийг бөмбөгдөж, 40 гаруй хүний амийг хөнөөж байв.

Моди тухайн үед болсон үйл явдлын “аймшиг, зовлон шаналал”-ыг мэдэрч байгаагаа Путинд илэрхийлээд “Тэсрэх бөмбөг, буу, сумны дунд энх тайван тогтоох шийдэл, яриа хэлэлцээ үр дүнд хүрэхгүй” гэдгийг сануулж байжээ.

Удалгүй хоёр удирдагчийн албан бус ганцаарчилсан уулзалт, талуудын өргөтгөсөн хуралдаан цуцлагдсан нь тодорхой болсон юм.

2022 оны сүүлээр Орос улс Украиныг цөмийн зэвсгээр сүрдүүлсний дараа Моди бас Путинтэй уулзах уулзалтаа цуцалж байжээ.

 

Эх сурвалж: The Moscow Times