Уншиж байна ...

П.Наранбаяр: Багш дутагдалтай хичээлд цахим сургалт хэрэгжүүлэхээр төлөвлөж байна

А.Ням-Өлзий, iKon.mn
6 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар 2025 оны төсвийг хэлэлцлээ. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Галбадрах сургууль, цэцэрлэгийн ачаалал болон багшийн хүртээмжийг ирэх онд хэрхэн шийдэх талаар тодрууллаа.

УИХ-ын гишүүн Ж.Галбадрах: Өнөөдөр улсын хэмжээнд бүлэг дүүргэлт 40 хүүхдээс давсан 4,860 ангид 214 мянган хүүхэд суралцаж байна. Харин 60 давсан хүүхэдтэй бүлэг 8 байна. Улсын хэмжээнд 6,000 гаруй хүүхэдтэй хоёр сургууль байна. 1,800-аас дээш хүүхэдтэй 124 сургуульд 3,680 хүүхэд суралцаж байна.  Энэхүү нөхцөлийг хэвийн болгохын тулд 150 сургууль барих зайлшгүй шаардлагатай. Тиймээс сургуулийн хүртээмжийг хэзээ нэмэгдүүлэх вэ, боловсролын салбарт өнгөрсөн жил 700 тэрбумыг төсөвлөж байсан. Энэ жил 500 тэрбум болгож буурууллаа, хөрөнгө оруулалт буурсан шалтгаан юу вэ, багшийн хомсдолыг бууруулах талаар ямар арга хэмжээ авах вэ. 

Боловсролын сайд П.Наранбаяр: Өнөөдрийн байдлаар 1,800-гаас дээш хүүхэдтэй сургуулийн тоо орон нутагт 39, нийслэлд 87 сургууль байна. Хүүхдийн тоо 1,800 давсан нөхцөлд үнэхээр сургалтын үйл ажиллагаа явуулах амаргүй. Энэ жилийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хамтарсан Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төсөлдөө чиглэж байна. Хөгжлийн суурь болох эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэхэд эхний ээлжид хөрөнгө оруулалтыг чиглүүлэх бодлого баримталж байгаа. Эрчим хүчний  хүртээмжийг нэмэгдүүлсний үндсэн дээр сургууль, цэцэрлэг шинээр барих бодлого баримтлах нь зайлшгүй.

Багшийн хомсдолыг бууруулах талаар 6 багц арга хэмжээг зарлаж байна. Тухайлбал,

  • багшийн мэргэжлээр төгссөн боловч мэргэжлээрээ ажиллахгүй байгаа багш нарыг татах,
  • тэтгэвэрт гарсан багш нарыг бага цагаар ажиллуулах,
  • шинжлэх ухааны чиглэлээр их, дээд сургуульд 80-аас дээш үнэлгээтэй суралцаж буй оюутнуудыг багшлуулах,
  • сургалтын цагийн норм 19 цагтаа хүрээгүй бол зарим багш нарт ижил төстэй хичээл заалгах,
  • багш бэлтгэх их, дээд сургуулийн оюутнуудыг дадлагажигч багшаар ажиллуулах,
  • цахим сургалтыг хичээл сургалтад илүү эрчимтэй хэрэгжүүлэх гэсэн арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Ирэх 2026 оны төсөв өнөөгийн боловсролын салбарын тулгамдсан асуудлуудыг шийдэхэд чиглэнэ гэдэгт итгэж байна.