Уншиж байна ...

Ж.Баярмаа: Төрөөс иргэдэд үнэгүй кино, жүжиг үзүүлэх гэж байгаа нь ямар зорилготой вэ?

А.Ням-Өлзий, iKon.mn
34 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар 2025 оны төсвийг хэлэлцлээ. Энэ үеэр Соёлын сайдын багцад тусгагдсан заалтын талаар гишүүн тодруулав. 

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: “Соёлын үйлчилгээ үзүүлэх зорилгоор эрхийн бичиг төрөөс үнэгүй олгоно” гэдэг заалт байна. Соёлын үйлчилгээ гэж юуг хэлээд байгааг, түүнийг төрөөс үнэгүй үзүүлнэ гэдэг зүйл байж болдог юм болов уу гээд судлаар үзсэн чинь кино, жүжиг байж болох юм шиг ойлгосон. Төрөөс иргэдэд үнэгүй кино, жүжиг үзүүлэх гэж байгаа нь ямар зорилготой вэ.

Хууль талаасаа аудитын дүгнэлтэд үнэгүй үзвэр үзүүлэх журмыг Засгийн газраас тогтоож өгөх байсан ч үүнийг тогтоогоогүй. Журам нь гараагүй, хэнд хэдэн төгрөгийн эрхийн бичиг олгох нь тогтоогдоогүй байхад төсвийн тухай хуульд ийм заалт оруулж ирсэн нь буруу гэж аудит дүгнэсэн байна.

Энэ бол эдийн засгийн ямар ч үр нөлөөгүй. Иргэдэд зүгээр л үнэгүй кино үзүүлэх нь. Гэтэл бидний халамжаас татгалзах зорилт яах вэ. Үзвэрийн эрхийн бичиг үнэгүй тараахгүй бол иргэд маань соёлгүй, харанхуй болох гээд байгаа юм болов уу гэдгийг тодруулъя.

Соёлын сайд Ч.Номин: Бид үр хойч болсон өсвөр насныхнаасаа хэмнээд давуу байдал үүсэхгүй болов уу гэж би бодож байна. Таныг ойлголт дутуугаас ийм үйлдэл гаргаж байна гэж бодлоо.

Ер нь хүнийг хүн болгодог зүйл нь соёл байдаг. Нөгөө талдаа боловсролыг зөвхөн сургуулиас биш түүнээс гадуур орчноос ч авах боломжтой. Та зөвхөн кино, жүжгээр хязгаарлаж ойлгоод байна.

Энэхүү эрхийн бичгийг авсан хүүхэд ном товхимол худалдаж авах, дугуйлан секцэд хамрагдах боломжтой болно.

Үүнийг хэрэгжүүлэхийн тулд Соёлын яамнаас дөрвөн жилийн хугацаанд 50 мянган хүүхдэд тандалт судалгаа хийхэд 94 хувь нь “Бидэнд соёлын эрхийн бичиг хэрэгтэй байна” гэдэг хариулт өгсөн. Гаднын 100 гаруй улсад энэхүү соёлын эрхийн бичгийг олгодог. Энэ бол халамж биш. Өсвөр насных хүүхдүүдэд зориулсан хөрөнгө оруулалт юм. Энэ эрхийн бичгээр хүүхэд өөрөө өөрийгөө хөгжүүлнэ.