Малын дотор махны нөөц, үйлдвэрлэл, зах зээл, хэрэглээний талаар иргэд олон нийтэд мэдээлэл хүргэх өдөрлөг аравдугаар сарын 23-нд болж, дотор махны нэмүү өртгийн сүлжээг экспортын өсөлтийг дэмжихэд чиглүүлэн хөгжүүлэх, шинэлэг бүтээгдэхүүний үйлдвэрлэлд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг үүсгэн өргөжүүлэх, биологийн үнэт чанар бүхий уг түүхий эд, бүтээгдэхүүнийг шим тэжээлийн дутлыг нөхөх, бууруулахад хэрэглээг нэмэгдүүлэх сэдвээр мэргэжилтнүүд хэлэлцүүлэг өрнүүлэв.
Махны үйлдвэрээс Монгол Улс жилд 250,000 тонн дотор мах/таван цул/ гаргадаг бөгөөд үүний 19 хувийг дотоодод хэрэглэдэг. Харин үлдсэн хэсгийг ашиглахгүй хаядаг байна.
Малын дотор мах нь химийн найрлага, биологийн үнэт чанарын хувьд тураг махтай ойролцоо, уургаас гадна эрдэс бодис, төмөр, селен, цайр болон А, В, Д аминдэмээр баялаг хүнс тэжээлийн өндөр ач холбогдолтой түүхий эд аж.
Энэ үеэр Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёните: Европын Холбооноос Монгол Улсын хөдөө аж ахуй, хүнсний салбарын хөдөлмөр эрхлэлтийг үргэлж дэмжин ажилласаар ирсэн бөгөөд энэ хүрээнд дотор махны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, зах зээлийн нөөц боломж их байгаа.
УБЗАА-ны Хүнс, худалдаа, үйлчилгээний газрын дарга Б.Эрдэнэчимэг: Бид малын дотор махыг уламжлалт аргаар боловсруулж хүнсэндээ хэрэглэж ирсэн. Сүүлийн жилүүдэд дотор махыг хэрэглэх нь багассан. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр бид бүрэн ашиглагдахгүй байгаа хүнсний нөөцийг ашиглан ажлын байр нэмэгдүүлэх, хүн амын эрүүл мэндийг сайжруулах зэрэг асуудлаар санал солилцлоо. Дотор махыг ашиглан чанарын өндөр түвшинд боловсруулан гаргадаг хоол хүнсний бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргалаа.
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!