Уншиж байна ...

С.Цэнгүүн vs Ч.Номин: Өргөн нэвтрүүлгийг хөгжүүлэх сан хэрэггүй, хэрэгтэй

А.Ням-Өлзий, iKon.mn
30 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Инновац, цахим хөгжлийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар ирэх оны хэлэлцэв. Энэ үеэр Цахим хөгжил, инновац, харилцааны холбооны сайдын эрхлэх хүрээнд шинээр байгуулагдсан Өргөн нэвтрүүлгийг хөгжүүлэх сангийн үйл ажиллагааны талаар С.Цэнгүүн гишүүн шүүмжлэл хэлжээ.

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн: Өргөн нэвтрүүлгийг хөгжүүлэх сан гэдэг нэртэй сан байна. Ирэх оны төсөвт энэ санд 1.9 тэрбум төгрөг суулгасан байна. Энэ сангаас дэмжлэг авах нэг төсөл, хөтөлбөрт 19 сая төгрөг төсөвлөсөн юм байна. Гэтэл ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг олон сан бий. Бид ийм үрэлгэн төсөв баталж болохгүй.

Эрчим хүчний реформ ч юм уу том асуудлаа шийдье гэж байтал энэ мэт хэрэгцээгүй асуудал оруулж ирээд байна.

Яагаад УИХ Өргөн нэвтрүүлгийг хөгжүүлэх санд 1.9 тэрбум төгрөг батлаад явуулах ёстой гэж. Төр өөрөө иргэдээс өндөр татвар авчхаад хэрэгцээгүй сангуудыг ажиллуулдаг байж болохгүй.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар Ц.Баатархүү томилогдохоос өмнө энэ санг байгуулаад төсөв мөнгийг нь шийдчихсэн байсан. Ц.Баатархүү сайд энэ сангийн үйл ажиллагаанд хяналт тавих ёстой. Тэгэхгүй бол Ц.Баатархүү сайдыг энэ санг байгуулсан мэтээр ойлгогдох вий гэдгээс болгоомжилж байна.

Соёлын сайд Ч.Номин: Манай салбартай шууд холбоотой учраас нэмэлт тайлбар хэлье. Ер нь сүүлийн үед бид бусад улсын соёлын довтолгоонд маш их автаж байгаа. Үүний эсрэг Өргөн нэвтрүүлгийг хөгжүүлэх сангаар дамжуулан монгол хүүхдийг монгол болгож өсгөх, монгол хэлтэй контентыг нэмэгдүүлэх, түүх соёлыг өвлөн уламжлуулах зорилготой түүхийн агуулгатай контентыг нэмэгдүүлэхэд энэ сангийн хөрөнгө зарцуулагдана. Шаардлагатай гэж үзсэн учраас энэ санг байгуулсан.

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн: Өргөн нэвтрүүлгийг хөгжүүлэх сан нь Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны харьяанд байх нь зөв үү гээд харахаар 25 минутаас дээш хугацаатай хүнсний аюулгүй байдлын тухай, хорт зуршил өвчлөлөөс урьдчилан сэргийлэх тухай зэрэг контент бүтээнэ гэсэн байна. Ийм ажлыг МҮОНРТ хийж болдоггүй юм уу.