Уншиж байна ...

Их Британийн парламентад язгууртнууд үе дамжин суудаг ёсыг халах гэж байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 10 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Их Британийн хууль тогтоогчид өчигдөр тус улсын парламентын дээд танхим болох Лордын танхимд язгууртнууд үе дамжин суудаг хуучны ёсыг халах хуулийн төслийг дэмжжээ.

Энэ ёс 700 гаруй жил үргэлжилж байгаа юм.

“21 дүгээр зууны манай парламентад тодорхой нэг гэр бүлд төрснийхөө төлөө хууль баталдаг онцгой эрх байх ёсгүй юм” гэж Үндсэн Хуулийн сайд Ник Томас-Саймондс хуулийн хэлэлцэж эхлэхийн өмнө мэдэгджээ.

Өнөөдөр дэлхий дээр Их Британиас гадна зөвхөн Африк тивийн Лесото улсын парламентад үе уламжлах ёс байдгийг тэр энэ үеэр мэдээлсэн байна.

Гэвч Девоны гүн лорд Чарльз Перегрин Куртни мянга гаруй жилийн турш олон удаагийн шалгуурыг давсан энэ ёс уламжлалыг халах нь эрсдэлтэй байж болзошгүйг анхааруулжээ.

“Би 1142 онд Матильда хатан хааны миний өвөг дээдэст өгсөн ажлыг үргэлжлүүлж байна. Энэ бол тууштай, тасралтгүй байдлын гайхалтай жишээ юм” гэж 49 настай гүн хэлжээ.

Их Британийн парламент хоёр танхимтай байдгийн доод танхим нь Нийтийн танхим бөгөөд энд 650 тойрогт ард түмнээс шууд сонгогдсон гишүүд ажилладаг.

Харин дээд танхим болох Лордын танхимын гишүүдийг олон нийт шууд сонгодоггүй.

Олон зууны турш энэ танхимд зөвхөн эрэгтэй язгууртнууд үе дамжин суудаг байснаа 1963 оноос эхлэн эмэгтэй язгууртнуудыг зөвшөөрөх болжээ.

1950-аад оны үеэс Лордын танхимд нэр хүндтэй ахмад улс төрчид, иргэний нийгмийн төлөөлөл засгийн газрын томилгоогоор суудаг болсон байна.

1999 онд Хөдөлмөрийн намын ерөнхий сайд Тони Блэйр 750 гаруй угсаа залгамжлагчийг Лордын танхимаас хасах шийдвэр гаргасан ч тэдний эсэргүүцлээс зайлсхийх зорилгоор 92 хүнийг түр үлдээж байжээ.

25 жилийн дараа тэднээс 88 нь үлдээд байгаа. Үлдсэн хүмүүс нь бүгд эрэгтэй, дундаж нас нь 70 орчим байна.

Лордуудыг нас барах буюу тэтгэвэртээ гарахад залгамжлагчийг нь явцуу хүрээнд сонгодог юм.

Тухайлбал дээр дурдагдсан Девоны гүн 2018 онд 18 хүнтэй өрсөлдөж, 31 эрх бүхий сонгогчийн олонхын шийдвэрээр Лордын танхимд орж байжээ.

Гоёмсог, алтадмал Лордын суудалд суусныхаа төлөө тэд цалин авдаггүй ч парламентын ресторан, цайны өрөөгөөр хөнгөлөлттэй үйлчлүүлж, өдрийн 361 фунт стерлингийн ($472) хувийн зардлаа гаргуулах эрхтэй байдаг.

Өөрсдөө тэтгэвэрт гарах хүсэлт гаргаагүй л бол энэ нь насан туршийн ажил юм. Гэхдээ сүүлд ирцийг нь харгалзан үзээд хөөж болдог болсон байна.

800 орчим гишүүнтэй Лордын танхим нь дэлхийд Хятадын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын дараа орох хоёр дахь том хууль тогтоох танхим юм.

Хөдөлмөрийн намын энэ удаагийн шинэчлэлээр бас Нийтийн танхимын дэмжсэн хуулийн төсөлд Лордын танхим хориг тавих эрхгүй болох гэж байна.

Харин батлахыг нь хойшлуулах, нэмж засварлах эрхтэй үлдэх юм.

Өчигдөр дэмжигдсэн хуулийн төсөл ирэх онд батлагдах төлөвтэй байна.

Баруун өмнөд Английн Девон гүнлэгийн нутагт Поудэрхэм шилтгээн болон 3,500 акр газар эзэмшдэг Куртни парламентад суусан удмынхаа сүүлчийн хүн болох гэж байгаад баяртай байна.

“Бид Долдугаар Хенри хааныг ширээнд залахад үүрэг гүйцэтгэж байв. Бид Кресийн тулаанд Хар хунтайжтай мөр зэрэгцэн оролцож, 1415 онд Ажинкуртын аян дайныг санхүүжүүлж байв. Бид бас Наймдугаар Хенрийг цаазаар авхуулах хүртэл түүний үеэлүүд байсан түүхтэй. Тиймээс бид урт удаан хугацааны турш төрийн үйл хэрэгт тодорхой үүрэгтэй оролцож байсан хүмүүс юм” гэж тэр удмаараа бахархан ярьжээ.

 

Эх сурвалж: Associated Press

 

Зураг
39 минут