Уншиж байна ...

Прага хот согтуу жуулчдыг хязгаарлах зорилгоор шөнийн “найр наадмыг” хориглолоо

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 10 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Чехийн нийслэл Прага хот нь түүхэн барилга байгууламжуудаас гадна шар айргаараа алдартай.

Тиймээс тус хот сүүлийн жилүүдэд ууж наргих зорилготой жуулчдын гол төв болоод байгаа.

Ялангуяа сүүлийн 20 жилийн хугацаанд агаарын тээврийн зардал хямдарсны үр дүнд Прага хот нь ялангуяа Британийн жуулчдын хувьд хуримын өмнөх “ганц биечүүдийн” найр наадмын төв болсон юм.

Тэгвэл тус хотын төв дүүрэг Прага Нэгийн оршин суугчдын гомдлын дагуу эрх баригчид уушийн газраар үйлчлүүлэх жуулчдын цагийг хязгаарлах шийдвэр гаргажээ.

Прага Нэг дүүрэгт хуучин хотын төв талбай, Прагын цайз, Карлын гүүр зэрэг түүхэн барилга байгууламжууд байдаг. Арваннэгдүгээр сараас эхлэн тус дүүргийн баар, уушийн газруудад оройн 10 цагаас өглөөний 6 цаг хүртэл хугацаанд жуулчдыг оруулахгүй байхаар болсон байна.

Энэ нь хотын оршин суугчдын амар амгалан байдлыг хангах зорилготой арга хэмжээ гэнэ.

Прага хотын дэд захирагч Жири Посписил уг арга хэмжээ нь “зөвхөн ууж согтуурах зорилгоор богино хугацаатай” ирдэг жуулчдыг “илүү соёлтой, баян чинээлэг” жуулчдаар солих зорилготойг тайлбарлажээ.

Прага Нэг дүүргийн дарга Терези Радомершка үүнийг “ганц биечүүдийн үдэшлэг гэх мэт үйл ажиллагаанаас үүдэлтэй үймээн самуун, дуу чимээг бууруулах” зорилготой гээд “Иймэрхүү үйл ажиллагаа нь бидний хөгжүүлэхийг зорьж буй аялал жуулчлалын төрөлтэй тохирохгүй байна” гэж хэлсэн байна.

Чехийн Зочид Буудал, Ресторануудын Холбооны ерөнхийлөгч Вацлав Старек шийдвэрийг талархан хүлээж авч байгаагаа илэрхийлжээ.

“Шөнийн цагаар ууж наргих зорилготой жуулчид хотын төвд олноор ирдэг нь оршин суугчдын төдийгүй бусад жуулчдын хувьд ч асуудал болоод байгаа” гэж тэр ярьсан байна.

Гэхдээ уг хориг зөвхөн агентлагуудын зохион байгуулж буй аялалд хамрагдсан бүлэг жуулчдад үйлчлэх тул ганцаар аялж яваа хүмүүст нөлөөлөхгүйг Старек баталжээ.

Сүүлийн үед Европын зарим хотууд аялал жуулчлалыг хязгаарлах арга хэмжээнүүдийг авч эхлээд байгаа. Тэдний нэг нь Прага болж байна.

Тухайлбал Италийн Венец хот бүлэг жуулчдын тооны дээд хязгаарыг 25-аар тогтоож, хөтөч тайлбарлагчдад чанга яригч ашиглахыг хориглосон юм.

Саяхан бас Испанийн Барселон хотын захирагч зах зээлийн үнэ ханшийг тогтворжуулах зорилгоор жуулчдад орон сууц түрээслэхийг 2028 он хүртэл хориглохоор төлөвлөж байгаагаа мэдэгджээ.

 

Эх сурвалж: CNN