Өчигдөр буюу Мягмар гарагийн үд дундын үед Умард Солонгосын тал хоёр Солонгосыг холбодог хоёр гол авто замын өөрийн хэсгийг дэлбэлжээ.
“Үд дундын үед хилийн шугамын хойд хэсэг дэх Гёнгуи болон Донхэгийн замуудын хэсгийг Умард Солонгосын тал дэлбэллээ” гэж Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний төлөөлөгч сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
Хоёр Солонгосын хилийн баруун хэсгийн Гёнгуигийн замыг Умард Солонгосын нутагт оршдог Гэсон Аж Үйлдвэрийн Цогцолборт үйл ажиллагаа явуулдаг Өмнөд Солонгосын бизнесмэнүүд голдуу ашигладаг байжээ.
Харин зүүн эрэг дагуух Донхэгийн замыг Умард Солонгосын Гюмган уулыг үзэх гэсэн жуулчид ашигладаг байсан юм.
Өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагт Умард Солонгосын зэвсэгт хүчин тус улсыг Өмнөд Солонгостой холбодог бүх авто болон төмөр замуудыг хааж, хилийн хамгаалалтыг чангатгаж байгаагаа зарлаж байв.
“Манай арми бидний гол дайсагнагч улс, хувиршгүй дайсан БНСУ-тай залгаа өмнөд хилээ бүрмөсөн хааж байгаа нь өнөөгийн нөхцөлд дайнаас урьдчилан сэргийлэх, БНАСАУ-ын аюулгүй байдлыг хамгаалах зорилготой арга хэмжээ болж байна” гэж тухайн үед мэдэгдэж байжээ.
БНСУ буюу Бүгд Найрамдах Солонгос Улс нь Өмнөд Солонгосын албан ёсны нэр, БНАСАУ буюу Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс нь Умард Солонгосын албан ёсны нэр юм.
Өмнөд Солонгосын эх орноо нэгтгэх яам Умардын талын үйлдлийг буруушаасан мэдэгдэл гаргасан байна.
“Гёнгуи болон Донхэгийн замын хойд хэсгийг Умард Солонгосын тал дэлбэлсэн нь хоёр Солонгосын гэрээг ил тод зөрчсөн үйлдэл юм. Дөрвөн жилийн өмнө хоёр Солонгосын хоорондын харилцааг зохицуулах албаны байрыг дэлбэлж устгасан үйлдлээ энэ удаа дахин давтсанд харамсаж байна. Энэхүү дэлбэрэлтийн улмаас тохиолдож болзошгүй бүх осол эрсдэлийн хариуцлагыг Умард Солонгосын тал хүлээх болно” гэж уг мэдэгдэлд өгүүлжээ.
Умардын тал бас дээрх замуудыг минажуулж, гэрэлтүүлгүүдийг нь буулгасан байна. Эндээс харвал дахин ашиглах ямар ч боломж үлдээлгүйгээр бүрмөсөн хааж байгаа бололтой.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан АНУ-ын төрийн департамент бас мэдэгдэл гаргажээ.
“Бид БНАСАУ-ын талд үүссэн нөхцөл байдлыг БНСУ-ын холбоотнуудтайгаа хамт анхааралтай ажиглаж байна. Бид хурцадмал байдлыг бууруулж, мөргөлдөөний эрсдэлийг нэмэгдүүлэх аливаа үйлдлээ зогсоохыг БНАСАУ-д уриалсаар ирсэн бөгөөд яриа хэлэлцээ, дипломат харилцааны арга замд эргэн нэгдэхийг дахин уриалж байна” гэж төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Мэттью Миллер мэдэгдсэн юм.
Умард Солонгосын цэргүүд Украины дайнд оролцож, Оросын талд байлдаж эхэлсэн тухай мэдээний талаар байр суурийг нь тодруулахад тэрбээр “БНАСАУ-ын цэргүүд Оросын талд байлдаж байгаа гэх мэдээлэл бидний санааг зовоож байна. Хэрвээ энэ мэдээлэл үнэн бол хоёр улсын харилцаа сүүлийн саруудад мэдэгдэхүйц нэмэгдэж буйн илрэл болох юм. Энэ нь бас Орос улс тулааны талбарт ихээхэн хохирол амсаж, цөхрөлийн түвшинд хүрснийг харуулж байна” гэж хариулжээ.
Эх сурвалж: Yonhap News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!