Уншиж байна ...

Кристофер Колумбыг судлаачид Испанид төрсөн жүүд гаралтай хүн байсан гэж дүгнэжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
16 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Америк тивийг нээсэн аялагч Кристофер Колумб ямар гарал угсаатай хүн байсан талаар маргаан олон жил үргэлжилж байгаа.

Түүнийг Женова хотын уугуул итали хүн байсан гэх таамаг өнгөрсөн хугацаанд давамгайлж байлаа.

Тэгвэл Испанийн эрдэмтэд их аялагчийн гарал угсааг тогтоох ДНХ-ийн судалгаа явуулаад түүнийг Испанид төрсөн жүүд гаралтай хүн байсныг тогтоожээ.

Мөн төрсөн газрыг нь Испанийн Валенсиа хот гэж дүгнэсэн байна.

Дундад зууны Испанид жүүд хүмүүсийг хавчин гадуурхаж, католик шашинд хүчээр оруулж байсан. Тиймээс Колумбыг амьд үлдэхийн тулд католик шашинд орсон жүүд хүн байсан гэж дүгнэжээ.

Тэрбээр Ази тивд хүрэх далайн шинэ замыг нээх аяллыг Испанийн католик хаадын санхүүжилттэй зохион байгуулсны үр дүнд 1492 онд Карибын тэнгисийн арлуудыг нээж байв.

Үүний үр дүнд Америк тив нээгдэж, тус тивийн олон сая уугуул иргэдийг аймаглан устгасан Европын эзлэн түрэмгийлэл эхэлсэн юм.

Колумбын уг гарлын талаар 25 орчим өөр өөр таамаг яригддаг байжээ. Тухайлбал түүнийг Польш, Их Британи, Грек, Португал, Унгар, Скандинав гаралтай гэх маргаан үргэлжилж байв.

Испанийн эрдэмтдийн судалгааны ажил сүүлийн 20 жил үргэлжилсэн юм.

2003 онд Гранадагийн Их сургуулийн шүүх эмнэлгийн салбарын профессор Хосе Антонио Лоренто, түүхч Марсиал Кастро нар Севилья хотын цогчин дуганд хадгалагддаг Колумбын шарилыг анх нээж байжээ.

Колумб 1506 онд Испанийн Вальядолид хотод нас барахаасаа өмнө өөрийгөө Карибын тэнгисийн Испаниола аралд оршуулахыг захиж байсан гэдэг.

Захиасыг нь 1542 онд биелүүлсэн ч шарилыг сүүлд Куба аралд шилжүүлж, дараа нь Куба арал Испанийн колоничлолоос гарсны дараа Севилья хотод шилжүүлж байжээ. Судлаачид Колумбын бунхнаас олдсон шарилын үлдэгдлийг түүний ах Диего, хүү Эрнандо нарын шарилын үлдэгдэлтэй харьцуулан судалсан байна.

Ингээд Колумбын уг гарлыг Валенсиа хотод төрсөн жүүд хүн гэж тогтоожээ.

Тухайн үед Испанийн хаад тус улсад оршин сууж байсан 300,000 орчим жүүдийг Католик шашинд орох, эсвэл Испаниас гарч явахыг тулгаж байсан юм.

Муслимуудад ч бас ийм нөхцөл тулгасан гэдэг.

Колумбын угсаа гарлыг тогтоох судалгааны ажлын дүгнэлтийг Бямба гарагт Испанийн RTVE сувгаар цацсан “Колумбын ДНХ: Түүний жинхэнэ гарал” баримтат кинонд танилцуулжээ.

Профессор Лоренте судалгааныхаа дүгнэлтийг “бүрэн найдвартай” гэж тодорхойлсон байна.

Баримтат киног цацсан аравдугаар сарын 12-ны өдөр нь Испани улсын үндэсний баярын өдөр, бас Колумбын Америк тивд хөл тавьсан түүхэн өдөр байсан юм.

 

Эх сурвалж: BBC