Өмнөд Солонгосын нисгэгчгүй онгоцнууд Пёнян хотын дээрээс их хэмжээний ухуулах хуудас цацсан тухай Умард Солонгосын төв хэвлэл өчигдөр мэдээлжээ.
Үүнийг зэвсэгт мөргөлдөөнд хүргэж болзошгүй ноцтой өдөөн хатгалга гэж уг мэдээнд анхааруулсан байна.
“БНСУ (Өмнөд Солонгос) зэвсэгт мөргөлдөөнд хүргэж, талуудын хооронд дайн дэгдээж болзошгүй ийм хариуцлагагүй, аюултай өдөөн хатгалгаа нэн даруй зогсоох ёстой” гэж Умард Солонгосын гадаад хэргийн яамны мэдэгдэлд өгүүлжээ.
Хариуд нь Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний удирдлага “Умард Солонгосын мэдэгдэлд өгүүлсэн зүйл үнэн эсэхийг батлах боломжгүй” гээд эсрэгээрээ Пёнянаас хог хаягдалтай агаарын бөмбөлгүүд нутаг дэвсгэрт нь орж ирсээр байгааг сануулсан байна.
Тухайлбал Пёняны дэглэм “Хог хаягдал тээсэн агаарын бөмбөлөг нисгэх зэрэг бусад жигшүүртэй, доод зэрэглэлийн, олон улсын хэмжээнд ярихад ичмээр өдөөн хатгалгууд” явуулсаар байгаа, хамгийн сүүлд Баасан гарагт ийм бөмбөлгүүд нутаг дэвсгэрт нь орж ирснийг мэдэгдэлдээ дурджээ.
Энэ оны тавдугаар сараас хойш Умард Солонгосоос хог хаягдалтай уут дүүжилсэн агаарын бөмбөлөг хэдэн мянгаараа Өмнөд Солонгосын нутагт ирээд байгаа.
Үүнийгээ Пёняны эрх баригчид Өмнөдийн талаас суртал ухуулгын материалууд агаарын бөмбөлгөөр ирүүлдэг өдөөн хатгалгын хариу арга хэмжээ гэж тайлбарладаг юм.
Өчигдрийн мэдээндээ Солонгосын Төв Мэдээний Агентлаг “дрон” гэх ямар нэг гурвалжин хэлбэртэй биетийн бүдгэрүүлсэн дүрс болон түүний цацсан гэх ухуулах хуудаснуудын гэрэл зургийг үзүүлжээ.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!