Газар зүйн аугаа нээлтийн эзэн Кристофер Колумбын шарил хаана хадгалагдаж байгааг ДНХ-ийн судалгаагаар тогтоосноо Испанийн эрдэмтэд өчигдөр зарлажээ.
Тухайлбал нас барснаас нь хойш таван зуу гаруй жилийн дараа аугаа аялагчийн шарил Севилья хотын цогчин дуганд хадгалагдаж байгааг баталсан байна.
Колумбыг нас барсны дараа шарилыг нь олон удаа нүүлгэж байжээ.
Тэрбээр 1506 онд Испанийн Вальядолид хотод нас барсан юм. Гэхдээ гэрээслэлийнх нь дагуу өнөөдрийн Хаити, Бүгд Найрамдах Доминикан улсуудын хувааж эзэмшдэг Карибын тэнгисийн Испаниола аралд 1542 онд шилжүүлэн оршуулж байжээ.
Дараа нь Колумбын шарилыг 1795 онд Кубад шилжүүлсэн юм.
Испани-Америкийн дайны дараа Испани улс Куба арлыг алдсан тул 1898 онд Севилья хотод авчирч байжээ.
Хоёр жил үргэлжилсэн ДНХ судалгааны үр дүнд Севилья хотын цогчин дуганд хадгалагдаж байгаа шарил Кристофер Колумбынх мөн болохыг эцэслэн тогтоосноо Испанийн шүүх эмнэлгийн мэргэжилтэн Хосе Антонио Лоренте зарласан юм.
“Шинэ технологийн ачаар Кристофер Колумбын шарил Севилья хотод хадгалагдаж байгаа гэсэн өмнөх таамгийг өнөөдөр бид бүрэн баталгаажуулж байна” гэж Гранадагийн Их сургуулийн судлаачдын багийг ахалсан Лоренте мэдэгджээ.
Колумбын ах Диего болон түүний хүү Фернандо нарын шарилаас авсан генетикийн материалтай харьцуулсны үр дүнд ийм дүгнэлт гаргасан байна.
Алдарт аялагчийн гарал үүслийн талаар энэ судалгаагаар илэрсэн дэлгэрэнгүй мэдээллийг Испани улсын үндэсний баяр болон Колумбын Шинэ тивд хүрсэн өдөр болох аравдугаар сарын 12-ны Бямба гарагт цацагдах “Колумбын ДНХ: Түүний жинхэнэ уг гарал” нэртэй телевизийн тусгай нэвтрүүлгээр үзүүлэх ажээ.
Колумбыг Итали, Швед, Норвеги, Португал, Франц, Грек, Шотланд гаралтай байсан гэх маш олон онол яригддаг. Бас Испанийн муж, бүс нутгууд хүртэл түүнийг өөрийн уугуул гэж маргадаг юм.
Харин энэ удаа энэ асуултын хариултыг олсон гэж судлаачид мэдэгдээд байгаа.
“25 боломжит хувилбараас наймыг шалгаруулсан. Гэхдээ эцсийн хариулт зөвхөн ганц байх болно” гэж Испанийн төрийн өмчит телевизийн суваг RTVE мэдэгджээ.
Лорентегийн хувьд Колумбын уг гарлыг тогтооход “маш нарийн төвөгтэй байсан” гэж ярьсан ч эцсийн хариултыг түрүүлж задлахаас зайлсхийсэн юм.
Гэхдээ тэр хэдэн жилийн өмнө Колумбыг Италийн Женова хотын уугуул гэдэгт итгэлтэй байдгаа илэрхийлж байжээ.
Колумбын угсаа гарлаас гадна түүний шарил хаана байгаа талаар асуудал судлаачдын дунд маргаантай байдаг.
Зарим нь түүний шарил одоо ч гэсэн Испаниола аралд байгаа гэж үздэг.
Колумбын газар зүйн нээлтийн ач холбогдлыг өөр өнцгөөс харах явдал сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа.
Түүнийг олон жилийн турш аугаа аялагч, их нээлтийн эзэн гэж үзэж байсан бол сүүлд Америк тивийн колоничлолын эхлэлийг тавьсан гэж буруутгадаг болоод байна.
2015 онд Барселон хотын дарга Ада Колау аравдугаар сарын 12-ны баярыг “Манай улс геноцидын ойг бүх нийтээрээ тэмдэглэж, дээр нь 800,000 еврогийн зардлаар цэргийн парад зохион байгуулдаг нь ичмээр юм” гэж шүүмжилж байжээ.
Кадиз хотын дарга Хосе Мариа Гонзалес Сантос түүнтэй санал нийлж байгааг илэрхийлэхдээ “Бид хэзээ ч Америк тивийг нээгээгүй. Бид харин Бурхны нэрээр тус тивийн ард түмнийг хядаж, соёлыг нь устгасан нүгэлтэй” гэж хэлсэн байдаг.
Дөрвөн жилийн өмнө АНУ-ын Виржиниа мужийн Ричмонд хотод байдаг Колумбын хөшөөг буулгаж, нуурын усанд живүүлсэн юм.
Уг хөшөөний суурин дээр шүршдэг будгаар “Колумб бол геноцидын төлөөлөл юм” гэсэн үгсийг бичиж үлдээжээ.
Эх сурвалж: The Guardian
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!