National Geographic нийгэмлэгээс зохион байгуулсан экспедиц зуун жилийн өмнө дэлхийн ноён оргил Эверестэд авирч байгаад сураггүй алга болсон Британийн уулчны эд зүйлсийг олсноо өчигдөр зарлажээ.
Тэд “AC Irvine” гэсэн хатгамал бичигтэй оймс бүхий гутлыг мөнх цасан дундаас олсноо 1924 оны зургаадугаар сарын 8-нд 22 настайдаа Эверестэд авирч байгаад сураггүй болсон Эндрью “Сэнди” Ирвайний эдэлж хэрэглэж байсан зүйлсийн үлдэгдэл гэж дүгнэсэн байна.
Түүнтэй хамт домогт уулчин Жорж Мэллори авирч байжээ.
Дэлхийн хамгийн өндөр ууланд гарсан анхны хүмүүс болох зорилготой байсан тэд оргилоос 245 метрийн доор байхдаа сураггүй болсон гэдэг.
Тухайн үед 37 настай байсан Мэллори хэдийгээр амьд үлдэх магадлал 50:1 боловч санаагаа зовоохгүй байхыг гэргийдээ илгээсэн сүүлчийн захидалд бичиж байжээ.
Түүхчдийн дунд тэд Эверестийн оргилд гарч чадсан эсэх тухай асуудал маргаантай байдаг. Зарим нь тэднийг оргилд гарсныхаа дараа бууж яваад осолдсон байж магадгүй гэж үздэг юм.
Гэхдээ Мэллорийн цогцсыг 1999 онд илрүүлэхэд тэднийг оргилд гарч чадсан гэх ямар ч баримт нотолгоо олдоогүй юм.
Харин Ирвайний эд зүйлсийг олсон нь тэдний биедээ авч явсан Kodak Vest Pocket гэрэл зургийн камерыг олох найдлагыг нэмэгдүүлж байна. Өөрөөр хэлбэл оймс, гутал олдсон газраас холгүй камер байх магадлалтай тул хайгуулын хүрээ хумигдаж байгаа ажээ.
Хэрвээ энэ камераас тэдний Эверестэд гарсныг гэрчлэх зураг олдвол 1953 оны тавдугаар сарын 29-нд Шинэ Зеландын уулчин Эдмунд Хиллари, Балбын хөтөч Тэнзин Норгай нарын гаргасан түүхэн амжилтыг бараг 30 жилээр урагшлуулах юм.
Ирвайний оймс, гутал Мэллорийн цогцос олдож байсан газраас нам өндөрт олдсон байна.
Гэхдээ яг хаанаас олдсоныг National Geographic нийгэмлэгийн экспедиц нууцалж байгаа нь бусад олз ашиг хайгчдад ашиглуулахаас сэргийлэх зорилготой ажээ.
Ирвайний төрөл төрөгсөд нэгэн зууны өмнө сураггүй болсон өвөг дээдсийнх нь эд зүйлс олдсонд баяртай байна.
“Авга ах Сэндигийн тухай нууцлаг түүхийг би долоон настайдаа анх ааваасаа сонсож байсан. Гутал доторх оймс AC Irvine гэсэн бичигтэй байсныг сонсоод би нулимсаа барьж дийлээгүй. Энэ бол ер бусын, сэтгэл хөдөлгөм мөч байлаа” гэж Ирвайний зээ охин Жюли Саммерс ярьжээ.
Ирвайний олдворыг одоо Эверестийн хойд талын авиралтыг хариуцдаг Хятад-Төвөдийн Уулчдын Холбооны байранд хадгалж байгаа юм байна.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!