Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/10/12-НД НИЙТЛЭГДСЭН

Японы атомын бөмбөгийн гамшгаас амьд үлдэгсэд Нобелийн энх тайвны шагналыг хүртэхээр боллоо

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 10 сарын 12
iKon.MN
Зураг зураг

2024 оны энх тайвны Нобелийн шагналыг Японы атомын бөмбөгийн гамшгаас амьд үлдэгсдийн холбоо Нихон Хиданкё хүртэхээр болсныг зохион байгуулагчид нь өчигдөр орой зарлалаа.

1945 онд Хирошима, Нагасаки хотуудад атомын бөмбөг дэлбэрэхэд амьд үлдсэн хүмүүсийг хибакуша гэж нэрлэдэг.

Дэлхий нийтэд цөмийн дайны гай гамшгийг ойлгуулах үйлсэд тэдний гаргасан хүчин чармайлтыг үнэлснээ Норвегийн Нобелийн Шагналын Хороо тайлбарлажээ.

Нихон Хиданкё холбоо атомын бөмбөгийн дэлбэрэлтээс амьд үлдэгсдийн үзсэн зовлонг дэлхий нийтэд таниулах зорилгоор 1956 онд байгуулагдсан юм.

1945 оны наймдугаар сарын 6-ны өдөр АНУ-ын цэргийн нисэх онгоц ураны бөмбөгийг Хирошима хотод хаясны улмаас 140,000 орчим хүн амь үрэгдэж байв.

Үүнээс гурав хоногийн дараа хоёр дахь бөмбөгийг Нагасаки хотод хаясан юм. Дараа нь Хирохито эзэн хаан Япон улс бууж өгснийг зарласнаар Дэлхийн Хоёрдугаар дайн өндөрлөж байв.

Тус байгууллагын тэргүүлэгчдийн нэг Тошиюки Мимаки “Ийм зүйл болно гэж зүүдэлсэнгүй явлаа” хэмээн шагналын мэдээг сонссоныхоо дараа нүдэндээ нулимстай хэлжээ.

“Цөмийн зэвсгийн ачаар дэлхийд энх тайван тогтдог гэж ярьдаг. Үнэн хэрэгтээ цөмийн зэвсгийг зөвхөн алуурчид ашиглах боломжтой” гэж тэр энэ үеэр шүүмжлэн ярьсан байна.

Хирошима хотод атомын бөмбөг дэлбэрэхэд Мимаки дөнгөж гурван настай байжээ.

Шагналын диплом, алтан медаль, $1 саяыг арванхоёрдугаар сарын 10-ны өдөр Норвегийн нийслэл Осло хотод гардуулна.

Нихон Хиданкё өмнө нь олон удаа Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшиж байсан юм.

Шийдвэр нь үргэлж маргаан дагуулдаг байсан энх тайвны Нобелийн шагналын хороо энэ удаа хамгийн эргэлзээгүй сонголт хийсэн гэж ажиглагчид үзэж байна.

Украины дайн эхэлснээс хойш Оросын эрх баригчид цөмийн зэвсэг хэрэглэх талаар олон удаа ярьж байгаа.

Ойрх Дорнодод мөргөлдөөн хурцдаж, Израил улс Ираны цөмийн байгууламжуудыг бөмбөгдөх тухай санаа ид яригдаж байна.

Энэ оны энх тайвны Нобелийн шагналд 197 хувь хүн, 89 байгууллагаас бүрдсэн нийт 286 нэр дэвшигч өрсөлджээ.

2023 онд энэ шагналыг Ираны эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч Наргес Мохаммади хүртэж байв.

Мохаммади одоо Тегераны Эвин шоронд 12 дахь жилдээ хоригдож байгаа юм.

 

Эх сурвалж: BBC