Амьд явах, өндөр наслах нь хүний үндсэн эрх. Үүнд хамгийн чухал нөлөөтэй зүйлсийн нэг нь хоол хүнс юм.
Эрүүл, урт удаан амьдрахын тулд бид найдвартай, шим тэжээлтэй хүнсээр хангагдах ёстой. Гэхдээ монгол хүн эрүүл, аюулгүй хүнсээр хангагдаж чадаж байна уу гэвэл эргэлзэх хүн их бий. Иймд хүнсний аюулгүй байдал, аюулгүй, шим тэжээлт хоол хүнсээр хангагдах эрхийн нөхцөл байдлын талаар Хүний эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-ын дарга Д.Сүнжидтэй ярилцлаа.
Тэрбээр ярилцлагадаа хууль, эрх зүйн орчин бүрдсэн ч хуулиар хүлээсэн чиг үүргээ төрийн байгууллагууд сайтар биелүүлэхийн сацуу тал бүрийн хамтын хяналт чухал байгааг онцолсон юм.
- Манай улсын иргэдийн эрүүл, баталгаатай хүнсээр хангагдах эрх ямар нөхцөлд байна вэ. Энэ нь хүний үндсэн эрхэд хамаарах бөгөөд Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд ч туссан байдаг шүү дээ. Ярилцлагаа энэ талаар эхлүүлье?
- Хүний эрх ярихад нэг эрх нь нөгөөтэйгөө заавал холбогддог. Ганц эрхийг онцолж гаргаад хэрэгжүүлэх боломж байдаггүй. Өөрөөр хэлбэл хүний эрх бүр хоорондоо харилцан уялдаатай. Тухайлбал амьд явах эрх нь суурь эрх. Мөн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нь орчны тэнцвэртэй холбогддог. Сурч боловсрох, эрүүл мэндээ хамгаалуулах, хөдөлмөрлөх эрхтэй мөн адил холбогдоно.
Эдгээрээс улбаалж нөхцөл байдал ямар байна вэ гээд статистик харахаар, Монгол Улсын хувьд сайнгүй гардгийн нэг нь хүнсний аюулгүй байдал юм. Импортоор оруулж ирэх хүнсний хэмжээ жил ирэх тусам улам нэмэгдсээр байна. Мөн хавдар, халдварын өвчлөл болон хоол хүнснээс хамааралтай халдварын бус өвчлөл жилээс жилд өсөж байна. Шалтгаан нь олон хүчин зүйлээс хамааралтай боловч суурь үндэс нь хүнсний аюулгүй байдал мөнөөс мөн юм.
Шим тэжээлийн талаар гэвэл хүн бүр Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-ын тооцсон хэмжээгээр шим тэжээлээ авч чадаж байна уу гээд үзэхээр ялангуяа хүүхдүүдийн олонх нь авч чадахгүй байна. Бага насны хүүхдүүдийн дунд шим тэжээлийн дутагдалд орсон тодорхой хувь бий.
Энэ бүх нөхцөлийг харахаар амьд явах эрхийн түвшинд хүний эрх бүрэн хангагдсан гэж хэлж чадахгүй хэмжээнд байна.
- Үүнийг сайжруулах, эрхийг хангахад ямар арга хэмжээ хэрэгжүүлж байна вэ?
- Таны түрүүн хэлсэнчлэн Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд туссан гэдэг нь төрийн бүх байгууллага үүрэг хүлээдэг гэсэн үг. Засгийн газар анхдагч үүргийг хүлээнэ. НҮБ-ын техникийн төрөлжсөн байгууллага ДЭМБ, Хүнс Хөдөө Аж Ахуйн Байгууллага (FAO) хүнсний аюулгүй байдлыг хангах тухайд дараах зүйлд нэгддэг.
Энд гурван гол зүйл байгааг анзаарч бүгдэд нь анхаарах ёстой.
Мэдээж дээрхтэй манай улсын Эрүүл Мэндийн Яам, Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам болон бусад яамдын бодлого, чиглэлээ нэгтгэдэг.
Хангамжийн тухайд импортын хүнсийг багасгах шаардлагатай. Шим тэжээл дээр онцолж харвал, зарим зорилтот бүлэг давхар гачигдалд өртөж байна. Үүнийг бүх шатанд анхаарах хэрэгтэй.
Энэ бүх нөхцөлийг харахаар амьд явах эрхийн түвшинд хүний эрх бүрэн хангагдсан гэж хэлж чадахгүй хэмжээнд байна
Монгол Улс дахь хөгжлийн төлөв байдлыг НҮБ-аас 2022 онд судалж тайлангаа танилцуулахдаа зорилтот 10 бүлгийг нэрлэж, “Хэнийг ч хөгжлийн гадуур орхиж болохгүй” гэдэг НҮБ-ын хөгжлийн уриаг Монгол Улсад хэрэгжүүлэхийн тулд эдгээр бүлэгтээ анхаарч, шаардлагатай дэмжлэгийг хэрэгтэй бүлэгт нь хүргэх тухай зөвлөсөн.
Үүнд, нэгдүгээрт хүүхдүүд. Аж амьдралын нөхцөл байдал, ядуурал, оршин байгаа газраасаа болж хүүхдүүд шим тэжээлийн дутагдалд орж байна.
Хоёрдугаарт, эрх нь хязгаарлагдсан хүмүүс. Тэдэнд төрөөс л хүнсний хэрэглээг нь хангах ёстой болдог.
Гуравдугаарт, алслагдмал газарт амьдарч буй хүмүүс. Амьжиргааны түвшин үл хамааран нийлүүлэлтийн асуудлаас болж хүмүүс хэрэгцээт шим тэжээлээ авахад бэрхшээл үүсдэг. Мах, гурил бол ихэнх газарт хүрэлцээтэй бий. Гэхдээ олон төрлийн амин дэм, шим тэжээл арвинтай гэгддэг нарийн ногоо хаанаас авах вэ, түүнийг нийлүүлж чадахгүй бол хэрхэн нөхөх вэ гэдэг нь асуудал болж байгаа юм.
Суурин газраас холдох тусам нийлүүлэлт багасах нь зах зээлийн "хууль" болсон. Бизнес эрхлэгчдийн зүгээс хүн ам цөөнтэй газарт хадгалах хугацаа богинотой хүнс худалдаалах, борлуулах нь ашиггүй гэж үзэж байгаа учраас тухайн иргэн нэг бол өөрөө тарина, эсвэл нөхөх арга хэмжээ авах ёстой болно. Түүнийг нь бид хийж чадахгүй байгаа юм.
Хоолны хордлоготой холбоотой гомдол манайд их ирдэг. Түүнчлэн ХЭҮК-т гомдол ирдэггүй ч нийтлэг ажиглагдаж буй зүйл нь Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний талаарх 23 дахь илтгэлд туссан агаар орчны бохирдол. Улаанбаатар хотод хөрсний бохирдол маш их байна. Тэр нь зуны цагт үерийн усаар дамжин хүнс болон хүмүүсийн ахуйд нөлөөлдөг. Хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн, дамжуулж тээвэрлэхэд хөрс, орчны бохирдол нь нөлөөлдөг гэсэн үг. Үүнд тусгайлсан арга хэмжээ авахгүй бол үерийн дараагаар гэдэсний халдварт өвчин огцом ихэсдэг гэдгийг та бүхэн анзаардаг байх.
Хүнсний аюулгүй байдлын стандарт мөрдөөгүйгээс хоолны хордлого, халдварт өвчин тархалт зэрэгт хүүхэд, архаг суурь өвчтэй иргэд олноор өртөж байна.
Стандартыг сахиулахын тулд олон жил ярьж, хичээж байна. Илүү их чармайх ёстой. Сургуулийн ойр орчимд болон олон хүн цугласан газар зарж буй хүнсний бүтээгдэхүүний савлагаа, хадгалалтын горим, аюулгүй байдал, эрүүл ахуйг хэр сахисан бэ гэдэг нь асуудал хэвээр байсаар байна.
- Асуудал байгааг хаана хаанаа мэдэж байгаа ч хариу арга хэмжээг хэрхэн оновчтой хэрэгжүүлж, шийдвэрлэх вэ гэдэгт хариулт олдохгүй байх шиг. Одоогоор манай улсад хэрэгжүүлж буй ямар хариу арга хэмжээнүүд байна вэ?
- Хангамжийг сайжруулахад татвар, зээл, өрхийн үйлдвэрлэлийн дэмжлэг гээд эдийн засгийн хөшүүргийн асуудал бий.
Харин аюулгүй байдлын тухайд хяналт. Зөвхөн байцаагчдад найдах биш иргэн бүр хянах ёстой. Сурагчдын үдийн хоолыг хэн хамгийн сайн хянаж чадах вэ гэвэл, эцэг, эх, харгалзан дэмжигч, асран хамгаалагч нар. Саяхан … дугаар цэцэрлэгийн хоолны мах муудсан байсныг нэг ээж илрүүлсэн. Төрийн хяналттай хамт олон нийтийн хяналт зэрэгцэх хэрэгтэй. Нөгөө талаас дамжлагад оролцож буй үйлдвэрлэгч, түгээгч гээд бүгдийг нь стандартаа сахихыг уриалж, түүнийг ажил олгогч нар сахиулах, үйлдвэрээс гарсан бүтээгдэхүүний хадгалах хугацаа, сав, баглаа, боодол стандартын дагуу байгаа эсэхийг мэдээлж байх ёстой.
Энэ систем бүхэлдээ тогтвортой ажиллах учиртай болохоос биш нэг байгууллага дангаараа ажиллаад үр дүнд шууд хүрчихнэ гэсэн ойлголт байхгүйг хүний эрх талаас нь харж байна.
Шим тэжээлийн тухайд хоол зүйчдийн өгч буй зөвлөгөөг дагах нь хувь иргэний хүчин чармайлтаас их зүйл хамаарна. Харин дээр хэлсэнчлэн шим тэжээлийн хүртээмжгүй байдал үүссэн, үүсэх эрсдэлтэй зорилтот бүлэг, алслагдсан газруудад хүргэх нь төрийн үүрэг.
Хүүхдийг хэдэн насанд нь ямар хүнс хэрэглүүлэх вэ, ямар хүнс хэрэглэснээрээ аль амин дэмийн хэрэгцээгээ хангах вэ гэх мэтчилэн нарийн зүйлсээ ойлгоод авбал тухайн хүнд өөрт нь цаашлаад гэр бүл, үр хүүхдэд нь хэрэгтэй. Эцэг, эх, боловсролын байгууллагын удирдлага, тогооч нар, бэлтгэн нийлүүлэгч нар мэдэж, шалгаж байх ёстой.
Сурагчдын үдийн хоолыг хэн хамгийн сайн хянаж чадах вэ гэвэл, эцэг, эх, харгалзан дэмжигч, асран хамгаалагч нар
Орон нутагт энэ талыг маш сайн бодохгүй бол нийлүүлэлтийн дутагдлаас үүдээд зарим нэг амин дэмийг огт авч чадахгүй байна. Аажим аажмаар ойлгож хичээж байна. Гэхдээ л тоон үзүүлэлтүүдийг харахад сайжирч байна гэж хэлж чадахгүй байгаа.
- Орон нутагт бол хангамжийн тогтолцоог сайжруулах шаардлагатайг та дурдлаа. Гэвч нийслэлд амьдарч байгаа эмзэг бүлгийнхэнд ч хүнсний асуудал нэн хүнд байсаар байна. Тэднийг хүнсээр хангахын тулд хэрэгжүүлж буй ганц арга хэмжээ нь хүнсний талон болж таарч байх шиг. Бусад улсад энэ бүлэгтээ хэрхэн анхаардаг вэ?
- Хоёр арга хэмжээ бий. Улс орнууд хүнсээ маш хямд байлгадаг. Хямд байвал бага болон дундаж орлоготой өрхүүд хүнсээ авч чадна. Гэтэл Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ)-ноос гаргасан үнийн мэдээллийг харвал хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөөр л байна. Үнэ нь өсөөгүй нэг ч хүнс алга. Мах, ногоо, сүү гээд өргөн хэрэглээний барааны үнэ бүгд өссөн
Зорилтот бүлэг төдийгүй нийт хүн амын хэрэглээний бүтэц нь өөрчлөгдсөөр байна. Хэдий өөрт нь хэрэгтэйг мэдэж байсан ч мөнгө нь хүрэлцэхгүй бол худалдаж авахгүй шүү дээ. Хэрвээ хямд байвал хүнсний талон байсан, байгаагүй боломжит хэмжээндээ хүн идэх зүйлсээ худалдаад авчхаж чадна. Тэгэхээр өрхийн амьжиргаа, орлого, эдийн засгийн нөхцөл байдал их нөлөөтэй.
Бусад улс орон ийм асуудлыг хэрхэн шийдвэрлэдэг талаар судалж үзэхээр илүү гарсан, амархан мууддаг хүнсээ тараах маягийн гинжин хэлхээ үүсгэсэн нь бий. Шим тэжээлтэй хүнсээ хаяхын оронд асрамжийн газар гэх мэтчилэн шаардлагатай газарт нь хүргэж өгдөг. Манай улсын хувьд хаях ёстой, хугацаа нь дууссан хүнсийг яадгийг би хэлж мэдэхгүй байна. Бусад газарт ухаалаг шийдлүүдээ олчихсон байна. Хүнсний бүтээгдэхүүн дандаа илүүддэг, хамгийн их хаягдал гардаг. Нөгөө талдаа хамгийн хэрэгцээтэй. Тэгэхээр яаж хооронд нь зөв уялдуулж, гинжин хэлхээ үүсгэх вэ гэдэг нь чухал. Зарим улсад хүнсний талон дээр нь авах хүнсний нэр төрлийг заадаг. Шим тэжээлийг бодож тооцоод хувилбаруудыг гаргасан байдаг.
Бид ийм юм идэж сураагүй, заншаагүй гэхийн оронд зохистой хэрэглээг төлөвшүүлэх нь чухал. Буурцгийг монголчууд төдийлөн хэрэглэдэггүй байсан. Гэтэл түүнд их хэмжээний уураг агуулагддаг. Энэ мэтчилэнгээр ямар хүнсэнд шим тэжээл хэр агуулагдаж байгаа тухай мэдлэг олгох хэрэгтэй. Үүний оронд тэрийг идвэл илүү шим тэжээл авна гэдгийг ойлгочихвол тэрийгээ хичээгээд авчих нэг хэсэг байна. Гэхдээ ойлгоод хичээгээд ч авч чадахгүй бүлэг байгааг бас мартаж болохгүй. Төр ерөнхий тогтолцоогоо хянаж байх хэрэгтэй.
- Хүмүүсийн эрүүл мэндийн мэдлэг маш чухал байна. ҮСХ, НҮБ-ын Хүүхдийн Сангийн хамтарсан судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 3 хувь нь тураалтай, 12 хувь нь илүүдэл жинтэй гэж гарчээ. Эндээс тэнцвэр алдагдсан мэт харагдаж байна?
- Хоол зүйчдийн хэлдэг гол зүйл нь тэнцвэр. Сайн гэсэн болгоныг идээд байвал буруу болно. Иргэдийн дунд нэг бол хэт таргалалттай, эсвэл шим тэжээлийн дутагдалд орсон иргэд зонхилж байгаа. Өнгөрсөн жил боловсролын салбар дахь хүний эрхийн байдлыг судалж, цэцэрлэгийн хүүхдийн хоолны талаар зөвлөмж өгч байсан юм. Давтагдсан тоогоор 1.6 сая хүүхэд хамрагдсан судалгаанд 7,338 хүүхэд шим тэжээлийн дутагдалтай, өсөлтийн хоцрогдолтой байсан.
Хаяг, шошго монголоор байх ёстой гэдэг стандартыг сахиулах ёстой. Нэг стандарт гаргачхаад түүнийгээ сахиулахгүй байхаар ямар нэмэр байх юм бэ
Тиймээс тэнцвэрийг хадгалах нь чухал. Наанадаж, зарим хүнсийг долоо хоногт нэг л удаа идэх ёстой гэдэг хуваарийг эрүүл мэндийн боловсрол харьцангуй өндөртэй улс орны хүүхдүүд мэддэг. Мөн өдрийн хоолондоо жимс, ногоо заавал хэрэглэдэг байх жишээтэй.
Орлого багатай эсэхээс үл хамаарч намрын улиралд хүнсний ногоог хүнсэндээ түлхүү хэрэглэж байгаа нь тун зөв. Намар бол ургац хураалтаа дагаад ногоо хямд байдаг, дагаад хадгалж, нөөцлөх хамгийн тохиромжтой цаг үе.
- Манай улсад импортоор орж ирж байгаа хүнс болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүний шошго ихэвчлэн гадаад хэл дээр байдаг. Энэ нь эрүүл зөв, өөрт тохирсон хүнсээ сонгох эрхэд халдаж байгаа юм шиг санагддаг?
- Харшил маш их болсон. Глютенийн, самар гээд олон төрлийн харшил байна. Гэтэл тухайн хүн өөрт харшлах зүйлс байгаа эсэхийг шошго уншиж байж л мэднэ. Хаяг, шошго монголоор байх ёстой гэдэг стандартыг сахиулах ёстой. Нэг стандарт гаргачхаад түүнийгээ сахиулахгүй байхаар ямар нэмэр байх юм бэ. Мөн зоогийн газар, хоол үйлчилгээ эрхэлдэг бизнес эрхлэгчид ч цэсээ тодорхой байлгах хэрэгтэй.
Түүнчлэн өөр нэг асуудал нь сав, баглаа, боодол. ХЭҮК-т нэг иргэн гомдол гаргасан юм. Тэр иргэний тайлбарласнаар хоол, хүнс хадгалах савнаас болж хавдар үүсэж байна гэдэг асуудал. Шалтгаант холбоо бий юу гэдгийг ЭМЯ-наас асууж үзсэн. Тухайн иргэний хувьд цэнхэр, шар сав нь өмнө нь химийн бодис хадгалдаг байсан сав учраас хүнсэнд хэрэглэж болохгүй гэдэг зүйл тайлбарласан. Гэтэл ХЭҮК бол шинжээч биш учраас ийм, тийм гэж шууд хэлж чадахгүй учир шинжлүүлэхээр хүсэлтээ өгсөн. Бид мэдсэн атлаа арга хэмжээ авахгүй байж болохгүй. Гэхдээ бас мэдэхгүй байж таамаглаж бас болохгүй. Иймд шинжилгээний хариуг харж байж эцсийн дүгнэлтээ хийх ёстой.
Ерөнхийдөө бол хуванцар болон гялгар уутыг хүнсэнд бүү ашигла. Учир нь үүнээс шалтгаалж бичил хуванцрууд хүний биед ордог гэж ДЭМБ зөвлөсөн. Богино долгионы зууханд хуванцар болон гялгар ууттай зүйл битгий халаа, ядаж шилэн сав ашигла гэж хэлж байгаа ч Монголд төдийлөн хэвшихгүй байна.
Аль ч газар ороод гялгар уут байна уу гэхэд шууд л өгнө. Уг нь гялгар уут үнэтэй байдаг нь хэрэглээг багасгах зорилготой юм байна лээ.
Хуванцар сав эрүүл мэндэд их, бага хэмжээгээр нөлөөлдөг. Монгол Улсад хавдрын шалтгаан юунаас болоод байгааг ЭМЯ-ныхан тайлбарлахдаа
Манайх усны хангамж маш тааруу. Орон нутагт ч ялгаагүй. 21 аймгийн 13 нь ундны усандаа анхаарах ёстой гэсэн судалгааны дүн гарсан.
- Ган, зуд зэрэг байгалийн гамшгийн үеэрх хүнсний хангамжийн талаар та юу хэлэх вэ?
- КОВИД-19-ийн үеэр бид том сургамж авсан. Үүнд үндэслэж Гамшгаас хамгаалах төлөвлөгөө гэж шинэ стратеги боловсрууллаа. Энэ нь манайхаас өгсөн зөвлөмжид тулгуурлагдсан юм.
Халдварт цар тахлын үед гэртээ бай гэж зөвлөж байсан ч орон гэргүй хүмүүсээ яах вэ гэхээр хаана байлгах вэ гэдгээс эхлээд олон асуудал урган гарч ирж байсан.
Тэдгээр хүний идэх унтах, анхан шатны хэрэгцээг нь яаж хангах вэ гэдгийг бодолцож, НҮБ-ын дэмжлэгтэйгээр Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинээр боловсруулсан. Төлөвлөгөөний шатанд манайхаас зөвлөмж өгөхдөө хүнсний асуудлыг хөндсөн. Зуд, үер, гангийн үед хэсэгчилсэн болон нийтийн хамарсан ямар арга хэмжээ авах вэ гэдэг дээр анхаарах зүйл их бий. Хүнсээр яаж хангах вэ, эм тариа болон охид эмэгтэйчүүдийн тусгай хэрэгцээг яах вэ талаар зөвлөмждөө оруулсан нь дээрх төлөвлөгөөнд туссан.
Өнгөрсөн өвөл зуд боллоо. Малчид өвөлжөөд сурсан, өвлийн идшээ бэлдчихсэн байдаг учраас амиа алдах тохиолдол гараагүй ч шим тэжээл талаасаа учир дутагдалтай зүйл байгаа юу гэвэл бий. Хүн өөрт байгаагаа л иднэ шүү дээ. Өдөржин цасан дунд малынхаа араас шогшиж яваа малчдад хүч тамир өгөх зүйлс дутагдаж байсан учир иргэд сайн дурын үндсэн дээр нэгдэж, малчдад тусалсан. Аливааг урьдчилж таамаглахад хүндрэлтэй учир бэлтгэлээ хангах нь хамгийн чухал арга зам юм даа.
- Монгол Улсад хүнсний аюулгүй байдлыг хангах, бэхжүүлэхэд олон улсын байгууллагын оролцоо ямар байх нь зохистой вэ?
- Үүрэг хүлээж буй байгууллагууд үүргээ биелүүлэх нь чухал. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хууль, Сав, баглаа боодлын тухай хууль гээд гол асуудлуудаа хуульчилсан. Хуульчилсан гээд орхиж болохгүй. Хуулийг хэрэгжүүлэх, хяналт тавих, нэг мөр хэрэглэх гээд олон асуудал бий.
Татварын бодлогыг хөнгөвчлөх, хөнгөлөлттэй зээл олгох, техник технологийн шинэ боломжийг хэрхэн нутагшуулах, түүнийг ямар арга замаар дэмжих вэ гэдгээс эхлээд чухал асуудал олон. Хүнс, Хөдөө Аж Ахуйн Яам үүнийг манлайлж хийх ёстой.
Хүн эрүүл, урт удаан амьдрахад олон зүйл нөлөөлдөг. Үүнд хамгийн чухал нь хүнсний аюулгүй байдал
Сав, баглаа боодлын хяналтад ЭМЯ анхаарах ёстой. Үнэхээр сав, баглаа боодол нь иргэдийн эрүүл мэндэд хөнөөлтэй юу гэдгийг тодорхой болгох хэрэгтэй.
Нийтийн эрүүл мэндийн боловсрол олгох нь маш том хувь нэмэр. Нийтээрээ ойлгочихвол айл өрх бүр асуудлаас зайлсхийнэ шүү дээ.
Хоол үйлчилгээний газрууд ямар стандарт баримтлах зэрэг нь тодорхой бий. Энэ мэтчилэнгээр олон улсын байгууллагуудын зүгээс үүрэгтэй хүмүүсийг үүргээ биелүүлэхийг шахах хэрэгтэй байна. Тодорхой хэмжээнд байгууллагууд чиг үүргээ хэрэгжүүлж байгаа. Гэхдээ яагаад үр дүнтэй биш байна вэ, яаж үр дүнтэй болгох вэ гэдэг дээр олон улсын байгууллагын үүрэг чухал. Тэдний гаргасан тайлан, өгдөг зөвлөмж уриалга их хувь нэмэртэй байдаг.
Хүн амын хүнсний хэрэглээ, хоол, шим тэжээлийн байдлын олон тооны судалгаанууд байна. Зарим судалгаа нь түүврийн тоо хангалтгүйн улмаас улсын хэмжээний төлөөлөхүйц эх үүсвэр болж чадахгүй, зарим нь түүврийн тоо хангалттай ч хоол тэжээл, хүнсний хэрэглээний байдлыг бүрэн илэрхийлэх боломжгүй, зарим судалгаа нь арга зүйн ялгаатай байгаагаас харьцуулах боломжгүй байна. Эдгээр олон талын шалтгаанаар бодитой нэгдсэн дүгнэлт гаргахад ихээхэн бэрхшээлтэй байдаг. Иймд улсын хэмжээнд хүнсний хэрэглээ, хүн амын шим тэжээлийн байдлын талаарх нэгдсэн, бодитой мэдээлэл бий болгох, үүний тулд нэгдсэн удирдлага, тогтолцоо зайлшгүй шаардлагатай.
Хүн эрүүл, урт удаан амьдрахад олон зүйл нөлөөлдөг. Үүнд хамгийн чухал нь хүнсний аюулгүй байдал юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!