Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/10/08-НД НИЙТЛЭГДСЭН

ХУУЛЬ: Цахим орчноор эмийн сурталчилгаа явуулах, үр дүн нь бусад эмээс илүү, хямд зэргээр сурталчлахыг хориглоно

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 10 сарын 8
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлж буй Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу эм, эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас олгосон зөвшөөрлийн хүрээнд тусгай зөвшөөрөлтэй үйлдвэр, ханган нийлүүлэх байгууллага телевиз, радио, самбар, мэргэжлийн хэвлэл, албан ёсны цахим хуудсаар эмийн зар сурталчилгааг явуулж болох юм байна. 

Харин дээр дурдсанаас бусад мэдээлэх хэрэгслээр болон цахим орчин дахь нийгмийн сүлжээгээр эмийн зар сурталчилгаа явуулахыг хориглоно гэж заажээ. 

Түүнчлэн иргэн, хуулийн этгээд зар сурталчилгааны зөвшөөрөлгүй эмийн сурталчилгаанд оролцох, дэмжих, сурталчлах, санхүүгийн дэмжлэг өгөх, авахыг хориглож байгаа юм байна. 

Мөн эмийг ховор, үр дүн нь бусад эмээс илүү, аюулгүй, гаж нөлөөгүй, шинэ эм, патентлагдсан, хямд үнэтэй гэж мөн худалдан авалт, борлуулалтад урамшуулал олгох, үнийн хямдрал үзүүлэх талаар нийтэд чиглэн сурталчлах, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг өвчнийг оношлох, эмчлэх үйлдэлтэй гэж олон нийтийг төөрөгдөлд оруулсан байдлаар сурталчлахыг хориглоно гэж заажээ. 

ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН ТУХАЙ Хуулийн 26 дугаар зүйл.Эмийн зар сурталчилгаа

26.1.Эмийн зар сурталчилгаа, таниулах үйл ажиллагаанд дараах нийтлэг зарчмыг баримтална:

  • 26.1.1.эм, эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас баталгаажуулсан мэдээлэл, хэрэглэх зааварт үндэслэх;
  • 26.1.2.агуулга нь тодорхой, ойлгомжтой, мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээнд нийцсэн байх;
  • 26.1.3.шинжлэх ухааны нотолгоонд суурилсан, үнэн зөв байх.

26.2.Эмийн зар сурталчилгааны зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1-д заасан хугацаагаар эм, эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага үйлдвэрлэгч, ханган нийлүүлэх байгууллагад олгож, хяналт тавина.

26.3.Эм, эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас олгосон зөвшөөрлийн хүрээнд тусгай зөвшөөрөлтэй үйлдвэр, ханган нийлүүлэх байгууллага телевиз, радио, самбар, мэргэжлийн хэвлэл, албан ёсны цахим хуудсаар эмийн зар сурталчилгаа явуулна.

26.4.Эмийн зар сурталчилгаа нь харааны бэрхшээлтэй хүнд зориулсан дуун тайлбар, сонсголын бэрхшээлтэй хүнд зориулсан дохионы хэл, эсхүл бичгэн тайлбартай байна.

26.5.Зар сурталчилгааны тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаас гадна дараах эмийн зар сурталчилгааг хориглоно:

  • 26.5.1.зар сурталчилгааны зөвшөөрөлгүйгээр олон нийтэд эм сурталчлах;
  • 26.5.2.эмнэлгийн мэргэжилтэн эм сурталчлах;
  • 26.5.3.жороор олгох эм, эмнэлгийн нөхцөлд хэрэглэх эм, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эмийг сурталчлах;
  • 26.5.4.хүүхдэд шууд зөвлөсөн, ухуулсан, бусад хэлбэрээр нөлөөлсөн эмийг сурталчлах;
  • 26.5.5.эмийг ховор, үр дүн нь бусад эмээс илүү, аюулгүй, гаж нөлөөгүй, шинэ эм, патентлагдсан, хямд үнэтэй гэж иргэдийг төөрөгдөлд оруулан сурталчлах;
  • 26.5.6.эмийн худалдан авалт, борлуулалтад урамшуулал олгох, үнийн хямдрал үзүүлэх талаар нийтэд чиглэн сурталчлах;
  • 26.5.7.эмийг зүй бус, бодит байдал болон ёс суртахуунд үл нийцсэн, далд агуулгаар сурталчлах;
  • 26.5.8.иргэн, хуулийн этгээд зар сурталчилгааны зөвшөөрөлгүй эмийн сурталчилгаанд оролцох, дэмжих, сурталчлах, санхүүгийн дэмжлэг өгөх, авах;
  • 26.5.9.эмийг цахим орчин дахь нийгмийн сүлжээгээр сурталчлах;
  • 26.5.10.эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг өвчнийг оношлох, эмчлэх үйлдэлтэй гэж олон нийтийг төөрөгдөлд оруулсан байдлаар сурталчлах;
  • 26.5.11.тамирчин болон спортоор хичээллэж байгаа иргэнд эмчилгээний бус зорилгоор Дэлхийн допингийн эсрэг код, олон улсын стандартад хориглосон жагсаалтад орсон эмийг санал болгох, дэмжин сурталчлах, зарж борлуулах;
  • 26.5.12.энэ хуулийн 26.3-т зааснаас бусад мэдээлэх хэрэгслээр сурталчлах.

26.6.Эмийн зар сурталчилгаатай холбогдсон энэ хуулиар зохицуулснаас бусад харилцааг Зар сурталчилгааны тухай хууль, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулиар зохицуулна.