Нийслэлийн Хан-Уул дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт бохирын ус халих байдал давтагдаж байгааг тус хорооны оршин суугч редакцад өнөөдөр хандаж бодит байдлыг мэдээллээ.
Иргэн "Хан-Уул дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт бохир хальж, хотын захиргааны шинэ байрны баруун талын орон сууцнууд дундуур болон 34 дүгээр сургууль руу явдаг зам, явган хүний зам, төв замаар урсах юм. Уржигдар/2024.10.06/ л гэхэд бохир хальж Яармагийн төв зам дээр гол шиг урсаж байсан. Өнөөдөр бага зэрэг хатаж, дөнгөж сая хлорамин цацаад явж байна. Энэ байдал нэг биш удаа давтагдаж байгаа юм. Энэ хавьд төрийн өмчийн 34 дүгээр сургууль, 12 дугаар цэцэрлэг бий. Тус сургуульд 5,000 орчим хүүхэд сурдаг юм байна. Эдгээр хүүхдийн ихэнх нь энэхүү бохир урссан замаар явдаг.
Олон мянган хүүхэд, иргэн бохир үнэрлэж, баас шээсэн дээр гишгэж, эрүүл мэндээрээ хохирч байна.
Хүүхдээ гэртээ ариун цэвэр сахиулж, дархлааг нь дэмжсэн хэрнээ гадаа гараад бохир дундуур сургууль, цэцэрлэгтээ яваад нэмэр алга. Бохир дундуур алхах нь халдварт өвчний эх үүсвэр.
Уг нь Хангарди ордон дотор нийслэлийн дэд бүтэц хариуцсан инженер байх ёстой. Бохирын шугамдаа мэдрэгч суурилуулах эсвэл 24 цагийн жижүүр ажиллуулдаг байж болмоор санагддаг.
Улаанбаатар хотын бохирын шугам нь ачааллаа дийлэхээ больсон бол шинээр барилга барихаа болимоор юм. Хэрэв шинэ барилга бариулах бол дэд бүтцээ хангалттай шийдмээр байна.
Газрын хөрсөнд шингэтэл бохир урсаж байгааг дахин давтуулахгүй байх арга хэмжээ авч өгөөч" гэж хүслээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!