Улигт бодол, албадмал үйлдлийн эмгэг буюу OCD сэдвээр Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэг судлалын II клиникийн сэтгэцийн эмч, сэтгэл засалч Б.Баярмаа дараах зөвлөгөө, мэдээллийг хүргэлээ.
Бүтэн өдрийн туршид таагүй бодол олон дахин орж ирж, түүнтэй холбоотой ямар нэгэн үйлдэл давтан хийх нь хүний хэвийн амьдралыг хэв маягийг алдагдуулж байдаг.
Стресс нь хүний амьдралд өдөр тутамд тохиолдож болно. Тэгвэл чухам яахаараа "эмгэг" болж хувирч байна вэ?
Удаан хугацаанд стрессээ зөв тайлж чадаагүйгээс үүдэн бие махбод, сэтгэл зүйн хариу урвалаар илэрч, амьдралын хэвийн үйл ажиллагаанд дасан зохицох чадварыг алдагдуулдаг учраас "эмгэг" гэж үздэг.
Бохирдох, өвдөх, үхэхээс айх айдсаасаа болж гадуур гарах боломжгүй, автобусанд ч сууж чадахгүй болох хүртлээ хүндэрч ирдэг хүмүүс байдгийг сэтгэл засалч Б.Баярмаа ярьж байлаа.
Obsessive-compulsive disorder (OCD)-ын талаар түүний танилцуулсан мэдээллийн дэлгэрэнгүйг хүргэе.
OCD эмгэг үүсэх үндсэн шалтгаан тодорхойгүй байдаг. Гэхдээ стрессийн шалтгаантай сэтгэл түгшлээс илрэн гарч байгаа хариу урвал хэмээн үзэж байгаа.
Дэлхийн хэмжээнд OCD-ын тархалтыг 100,000 хүн амд нэг хувь байдаг. Сүүлийн үед нийгэмд стресс нэмэгдэж байгаатай холбоотой сэтгэл түгшлийн эмгэгүүд, OCD ялгаагүй нэмэгдэж байна.
Хүмүүс тухайн өдөртөө авсан стрессээ зөв аргаар тайлж, эмгэг болтол хүндрэхээс сэргийлэх боломжтой. Харин эмгэг болтол хүндрэх хугацаа хамгийн багадаа гурван сар ба түүнээс дээш үргэлжилнэ.
Илэрч буй шинж тэмдгүүд нь ажлаа хийх, бусадтай харилцах зэрэг хэвийн амьдрах явцад сөргөөр нөлөөлдөг.
Энгийн сэтгэл түгшил буюу сэтгэл түгших түгээмэл эмгэг гэж бий. Мөн сэтгэл түгшлийн дайралт буюу "panic attack" гэж байдаг.
Улигт бодол буюу дахин дахин давтагдаад байдаг таагүй бодлууд, түүнтэй холбоотойгоор дахин давтагддаг үйлдлийг хийж буй бол OCD-ын шинж тэмдэг.
Бага насанд ч OCD илэрч болно. Хуруугаа хөхөх, хумсаа мэрэх, хоолойгоо засах, нүдээ анивчих зэрэг шинэ тэмдгээр илэрнэ. Эцэг, эхчүүд хүүхдээ анзаарахдаа тэдний өсөлт хөгжилтэй холбоотой эмгэг гэж андуурах тохиолдол байдаг.
Үүнийг түгшилтээс шалтгаалсан үйлдэл гэхээс илүүтэйгээр хүүхдийн эмч, мэдрэлийн эмчид хандах зэргээр андуурдаг.
Энэ төрлийн эмгэг насанд хүрэгчдэд түгээмэл. Заримдаа бага насандаа үүсэж, сүүлд оношлогдох магадлалтай. Нөгөөтээгүүр удаан хугацаанд үргэлжилснээс болоод хүндэрсэн үедээ оношлогдох магадлал бий.
Сэтгэл түгшлээс шалтгаалан хар аяндаа үүсэж байгаа таагүй бодлууд дахин дахин давтагдахыг улигт бодол гэж нэрлээд байгаа.
Жишээлбэл
Улмаар гараа олон дахин угаадаг эсвэл орчноо тогтмол цэвэрлэхдээ хэвийнээс илүү их буюу олон дахин хэтрүүлж хийдэг.
Аюулгүй байдлын хэрэгцээ хангагдаж чадахгүйгээс болоод “аюулд өртөх вий” гэх айдас үүсдэг. Улмаар аюулаас урьдчилан сэргийлэх үйлдлүүд хийдэг гэсэн үг.
Жишээлбэл гэрээсээ гарахдаа гэрлээ унтраасан, хаалгаа хаасан, цахилгааны утсаа салгасан эсэхээ байн байн шалгах буюу нэг үйлдлээ давтах нь айдас түгшлийг тэрхэн хугацаанд намжааж буй үйлдэл. Энэ нь OCD өвчний шинж тэмдэг.
Сэтгэлийн түгшлээ бууруулахын тулд тоо тоолох, гадуур машины яг ижил дугаар хараад дахин дахин нэмж хасаад цээжлэх зэргээр нэг үйлдлээ давтах шинж тэмдгээр илэрч болдог.
Ерөнхийлж хэлбэл сэтгэл түгшсэнээс айдас үүсэж, тэр айдсаасаа шалтгаалан хар аяндаа үүсэх, таагүй бодлууд юм. Таагүй бодлуудаас хамгаалагдахын тулд аяндаа хийх үйлдэл давтагдана гэсэн үг.
Энэ үйлдлийг хийхгүй, тэр зүйлийг бодохгүй байя гэж хичээсэн ч дотор байгаа түгшлээсээ шалтгаалан аяндаа үүсэж байдаг.
Улмаар маш их цаг хугацаа зарцуулна. Заримдаа ажлаа ч хийж чадахгүй болно. Гэр бүлийнхээ ойр дотны хүмүүстэйгээ харилцахад хүртэл хүндрэлтэй болж ирнэ гэсэн үг.
Сэтгэл түгшлийн үндсэн шалтгаан юу вэ?
Сэтгэл түгшлийн үндсэн шалтгаан бол стресс. Бидний өдөр тутамд авч байгаа стрессээс гадна хүүхэд насанд эсвэл хэдэн жилийн өмнө авсан тайлагдаж чадаагүй далд ухамсарт хадгалагдсан стресс сэтгэл түгшилтээр илрэх магадлал өндөр.
Хүүхэд байхад томчууд бүх зүйл цэвэрхэн байх ёстой, бүх юм байрандаа байх ёстой гэдэг байдлаар суурь хүмүүжилд нөлөөлөх хандлага бий. Нөгөө хүүхэд маань насанд хүрснийхээ дараа яг л тэр зүйл тийм байх ёстой гэдэг байдлаар түгшимтгий бие хүн болж төлөвших магадлалтай.
Зарим тохиолдолд хүчтэй биш мөртлөө тогтмол стресс хуримтлагдаж нөлөөлдөг.
Жишээ нь ажилдаа байнга санаа зовох түгшил.
Хоёр ажил зэрэг хийдэг нягтлан хүн байсан. Тооцоо хийгээд ирэхээр “алдах вий” гэсэн айдас стресс нь тухайн хүнд түгшилт үүсгээд түүнээс шалтгаалаад нөгөө тооцоогоо өдрийн туршид 5-10 удаа шалгадаг. Олон дахин давтан шалгах нь түгшилтэй хариу үйлдэл болж таараад байгаа гэсэн үг.
OCD бүрэн эмчлэгдэх боломжтой. Үндсэн эмчилгээ нь сэтгэл засал. Түүний хажуугаар удаан хугацаанд үргэлжилж, шинж тэмдэг гүнзгийрсэн тохиолдолд эмийн эмчилгээтэй хавсрах үе ч бий.
Гадуур гарахдаа маск, шил зүүж, малгай, бээлий өмсдөг, олон нийтийн унаанд суухгүй болтлоо хүндрэх үе бий. Энэ байдал нь нийгмээс тусгаарлаж ажил хийх боломжгүй, гэрээсээ гарч чадахгүй байдалд хүргэсэн хүн хүртэл ирж байсан.
Түгшсэн, улигт бодол орж ирсэн үед бидний биед давхар нөлөөлж байдаг. Бидний ургал мэдрэлийг цочроодог гэсэн үг. Ингэснээр биеийн булчинлаг бүх эрхтэнд агшилтын байдал давамгайлж, улигт бодол орж ирсэн үед айдас төрөх, зүрх дэлсэх, амьсгал давчдах, хоолой горойх зэрэг таагүй шинэ тэмдэг биед илэрдэг.
Ийм учраас биеийн шинж тэмдгийг бууруулах зорилгоор давхар эмийн эмчилгээтэй хавсардаг.
Биеийн таагүй шинж тэмдгүүд нь эргээд стрессийг үүсгэж чөтгөрийн тойрогт оруулдаг. Сөрөг бодлыг таслан зогсоож, эерэг тал руу нь чиглүүлэхийн тулд сэтгэл заслын эмчилгээ зайлшгүй чухал.
Сэтгэл заслын эмчилгээ хамгийн багадаа 3-6 сар цаашдаа хэдэн жилээр үргэлжилдэг. OCD нэлээд урт хугацаанд үргэлжилчхээд ирдэг учраас эргээд хэвийн байдалдаа ороход хугацаа шаардагддаг гэсэн үг.
Заримдаа бүр 10- 20 жил сэтгэл заслын эмчилгээнд явж буй тохиолдлууд байгаа. Бодол, үйлдэл дахин дахин давтагдаад ирвэл нэг ёсондоо дадал болдог тул ухамсаргүйгээр хар аяндаа хийгддэг үйлдлүүдэд шилжих магадлалтай.
Хүний сэтгэл зүйн хүмүүжлийн суурь 90 хувь нь 0-5 насанд тавигддаг. Тэр дундаа 18 сартайгаас гурван настай үе бол хүүхдийн өөртөө итгэлтэй хүн болох эсвэл бусдын хараат хүн болох эсэхэд нөлөөлнө.
Хүүхдийг 0-5 насанд нь сэтгэл зүйн хувьд таатай орчинд өсгөх, хэрэгцээнүүдийг нь бүрэн хангаж өгч байж сэтгэл зүйн хувьд тогтвортой бие хүн болж хүмүүждэг.
Стрессийг тухай бүрд нь тайвшруулж, гадагшлуулж байх ёстой. Хүмүүс стресс тайлах аргуудыг мэддэг ч хэрэгжүүлэх талд төдийлөн сайн биш.
Стресс тайлахын тулд зарим хүн бүжиглэдэг, ууланд алхдаг, спортоор хичээллэдэг, найзуудтайгаа ярилцаад тайвширдаг. Гэхдээ эрүүл болон эрүүл бус стресс тайлах аргуудыг ялгаж таних хэрэгтэй.
Эрүүл бус арга бол кофе кафейн агуулсан бүтээгдэхүүн ихээр хэрэглэх, архи тамхины зохисгүй хэрэглээтэй болох эсвэл уур бухимдлаа бусад руу гаргах, эмийн зохисгүй хэрэглээтэй болохыг хэлнэ.
Эх сурвалж: СЭМҮТ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!