Тэрбумтан Илон Маскийн эзэмшдэг X сошиал платформ худал мэдээлэл түгээж, нийгмийг талцуулсан шалтгаанаар Латин Америкийн хамгийн том зах зээл Бразил улсад хаагдаад байгаа.
Удаан үргэлжилсэн маргааны эцэст X компани Бразилын эрх баригчдын тавьсан торгуулийг хүлээн зөвшөөрч, төлөхөөр болжээ.
Бразилын шүүхийн хэд хэдэн захирамжийг биелүүлээгүйнхээ төлөө X нийтдээ $5.2 саяын торгуульд унаад байгаа.
Тэгвэл тус компани торгуулиа банкны буруу дансанд шилжүүлснийг Бразилын дээд шүүхийн шүүгч Александр де Мораес өчигдөр мэдэгдээд залруулахыг шаарджээ.
Худал мэдээлэл түгээдэг барууны үзэлтнүүдийн хэд хэдэн хуудсыг хаах шаардлагыг биелүүлээгүйн улмаас Мораес наймдугаар сарын 31-ний өдрөөс эхлэн Х платформыг Бразил улсын нутаг дэвсгэрт хаах арга хэмжээг авч байжээ.
Үүний улмаас тус компани 22 сая хэрэглэгчээ алдсан юм.
Маск, Мораес нарын хооронд ширүүн тэмцэл өрнөж, үг хэлэх эрх чөлөөг хамгаалагч, худал хуурмаг мэдээллийг эсэргүүцэгч хоёрын хэн нь ялахыг дэлхий нийтээрээ ажиглаж байлаа.
Бухимдсан Маск үйлчилгээг нь хориглосон Мораесыг “харгис дарангуйлагч” хэмээн нэрлэж, "Харри Поттер" киноны сөрөг дүр Волдеморттой зүйрлэж байв.
Гэхдээ сүүлийн үед тэр зөөлөрч, Бразилын шүүхийн шийдвэрийг биелүүлэх, үйлчилгээгээ буцааж нээх тал дээр анхаарч эхэлжээ.
Маск, Мораес нарын хоорондын “дайн” 2022 оны Бразилын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр эхэлсэн юм.
Хэт барууны үзэл баримтлалтай Бразилын өмнөх ерөнхийлөгч Жайр Болсонаруг дэмжигч хуудаснуудыг хаах захирамжийг тухайн үед Мораес гаргаж байжээ.
2023 оны нэгдүгээр сард Бразилын шинэ ерөнхийлөгч Луиз Инасио Лула да Силва тангараг өргөсний дараа Болсонаругийн дэмжигчид холбооны засгийн газрын байруудад хүчээр дайран орж, үймээн самуун дэгдээсний дараа Маск, Мораес нарын тэмцэл улам ширүүссэн юм.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!