Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

Мета компани хүний бичсэн зааврын дагуу дуутай видео дүрс үүсгэдэг хиймэл оюуны загвараа танилцууллаа

Р.Түвшин, iKon.mn
2024 оны 10 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Фэйсбүүк, Инстаграм платформуудыг эзэмшигч Мета компани өчигдөр хүний дүрсэлж бичсэн текстээс дуу чимээтэй видео бичлэг үүсгэдэг хиймэл оюуны шинэ загвараа танилцуулжээ.

Шинэ загвараа тус компани Movie Gen гэж нэрлэсэн байна.

Янз бүрийн амьтад усанд сэлж, хөвж байгааг харуулсан болон хүний гэрэл зургаас тухайн хүн төрөл бүрийн үйлдэл хийж буйг харуулсан дүрс бичлэг үүсгэсэн жишээнүүдийг Мета үзүүлжээ.

Movie Gen загвараар бас дүрс бичлэгт дуу чимээ, хөгжим нэмэх, бэлэн видео дүрсийг засварлах боломжтойг тус компани мэдээлсэн байна.

Шинэ загвараар үүсгэсэн дүрс бичлэгийн урт 16 секунд, аудио бичлэгийн урт 45 секунд хүртэл хэмжээтэй байх гэнэ.

Майкрософтын хөрөнгө оруулалттай OpenAI компани бас хүний бичсэн текстийг дүрс болгон хувиргадаг Sora нэртэй хиймэл оюуны загвараа энэ оны хоёрдугаар сард танилцуулж байсан юм.

Сүүлийн жилүүдэд хиймэл оюуны ийм технологи хөгжихийн хэрээр Холливүүд зэрэг бүтээлч салбарынхан үүнтэй хэрхэн зохицох асуудал хурцаар яригдаж байгаа.

Зарим нь технологийн энэ дэвшлийг кино урлаг ашиглаж, улам хөгжих ёстой гэж үзэж байгаа бол нөгөө хэсэг нь оюуны өмчөө технологийн компаниудад алдахаас болгоомжилж байна.

Үүнээс гадна хиймэл оюунд суурилсан хуурамч дүрс бичлэгүүдийн нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөг хэрхэн зохицуулах асуудал хууль тогтоогчдын толгойн өвчин болоод байгаа.

Дээрх эрсдэлүүдийг харгалзан үзээд эхний ээлжид Movie Gen загварыг нийтэд нээлттэй хэрэглүүлэх төлөвлөгөөгүй байгаагаа Мета компанийн төлөөлөгч өчигдөр мэдээлжээ.

Үүний оронд зарим энтертайнмент компаниуд, контент үйлдвэрлэгчидтэй хаалттай хүрээнд хамтран ажиллаж, ирэх оноос Метагийн зарим бүтээгдэхүүнд хязгаарлагдмал хүрээнд нэвтрүүлэхээр төлөвлөсөн байна.

OpenAI компанийн хувьд Холливүүдийн гол студиүдтэй Sora загвар дээр хэрхэн хамтран ажиллах талаар цуврал уулзалтууд зохион байгуулж байгаа гэсэн мэдээлэл бий. Одоохондоо тэд ямар нэг тохиролцоонд хүрээгүй байна.

Тавдугаар сард кино од Скарлет Йоханссон өөрийнх нь дуу хоолойг OpenAI компани чатботынхоо хоолойд зөвшөөрөлгүй ашигласан байж болзошгүй талаар гомдол гаргаж байв. Иймэрхүү маргаан зөрчлөөс гадна хамтын ажиллагаанууд ч эхлээд байна.

“The Hunger Games”, “Twilight” кинонуудаар танигдсан Lions Gate Entertainment компани Runway нэртэй стартап компанид өөрийн бүтээлүүдийн санг хиймэл оюуны загвар сургахад ашиглуулж, үүний хариуд уран бүтээл туурвихдаа технологийг нь ашиглах гэрээ байгуулснаа есдүгээр сард зарласан юм.

 

Эх сурвалж: Reuters