Уншиж байна ...

"Эдийн засгийн хүрээний бүх ачаалал манай сайд нарт ирж байна. Ийм байдлаар цаашдаа хамтраад явна гэдэг асуудалтай"

Н.Эрхбаяр, iKon.mn
3 цаг 8 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болж байна. Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа юм. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Жаргалан хамтарсан Засгийн газрын гишүүдийн ирц дутуу байгаа талаар өөрийн байр сууриа илэрхийлж, шүүмжиллээ. 

Тэрбээр "Шинэ парламент анхныхаа төсвийг батлах гэж байна. Өчигдрийн чуулганы уур амьсгалыг харахад олонхын бүлгийн гишүүд АН-аас томилогдоод ажиллаж буй сайд нар руу дайрсан. Өөрсдийнхөө өнгөрсөн найман жилийн хугацаанд хийсэн алдаа дутагдлыг томилогдоод хоёр сар гаруй болж буй нөхдөөс нэхсэн уур амьсгалтай хурал боллоо. 

Монгол Ардын Нам (МАН)-ын дарга Ардчилсан Нам (АН)-д урилга өгсний дагуу бид хамтарсан Засгийн газарт орсон. Хамтрах эсэхэд нухацтай ярилцаж, дахиад дөрвөн жил алдмааргүй байна гэсэн үндсэн дээр орсон. Эдийн засгийн хүрээний бүх ачаалал манай сайд нарт ирж байна. 

Шинэ парламент байгуулагдсанаас хойш эдийн засагтай холбоотой бүх асуудлыг манай сайд нар авч, тайлбарлаж байгаа. Улс орны эдийн засгийг өөдөн татах нь чухал гэж үзсэн учраас хамтраад явж байгаа гэдгийг өчигдрөөс хойш үг хэлж буй МАН-ын гишүүд ойлгоосой.

Та нарын хэлэлцэж чадаагүй байсан гүйцэтгэлийг хэлэлцэж байх үед өмнө нь сайд байсан нөхөр томилогдоод хэдхэн хонож буй манай сайдаас гүйцэтгэлээ нэхээд байсан. Ийм байдлаар цаашдаа хамтраад явна гэдэг асуудалтай санагдаж байна. 

Хамтарсан учраас АН-ын бүлэг хамаагүй гэсэн байдалтай ерөнхий сайд яагаад төсөв ярилцаж байхад орж ирдэггүй юм бэ. Энэ танхимд яагаад ийм цөөн гишүүн сууж байгаа юм бэ. АН хамтарлаа гээд үг хэлээ үдүүлэхгүй гэдгийг ойлгоорой. Цаашдын төсвийн хэлэлцүүлэг дээр УИХ-ын гишүүдийн ирц дээр анхаараад, ерөнхий сайд нь бүрэн бүрэлдэхүүнээрээ ирэх хэрэгтэй" хэмээн ярилаа.