Одоогоос 66 сая жилийн өмнө дэлхийг мөргөхдөө үлэг гүрвэлүүдийг устгасан аварга астероид ганцаараа байгаагүйг эрдэмтэд судалж тогтоожээ.
Хоёр дахь, жижиг хэмжээтэй сансрын биет баруун Африкийн эргээс холгүй тэнгисийн усанд унаж, томоохон тогоо үүсгэсэн юм байна.
Үүний улмаас 800 метр өндөр давлагаа Атлантын далайд үүсэж байсан гэж эрдэмтэд дүгнэжээ.
Надирын тогоо гэгддэг энэ тогтцыг анх 2022 онд Хэриот-Уаттын Их сургуулийн доктор Уисдин Николсон илрүүлж байсан ч хэрхэн үүссэнийг нь тайлбарлаж чадаагүй юм.
Харин одоо Николсон болон түүний хамтрагчид далайн ёроолд оршдог 9 км диаметр хэмжээтэй энэ тогоог астероидын мөргөлтөөс үүссэн гэж дүгнэжээ.
Үлэг гүрвэлүүдийг сөнөөсөн гэгддэг астероид өнөөгийн Мексик улсын нутагт оршдог 180 км өргөн Чикскулубын тогоог үүсгэсэн гэж үздэг.
Харин хоёр дахь астероид хугацааны хувьд үүний өмнө, эсвэл хойно Атлантын далайд унасан эсэхийг нарийн тогтоож чадаагүй гэнэ.
Надирын тогоог үүсгэсэн астероид 450-500 метр өргөн байсан бөгөөд дэлхийг 72,000 км/цаг хурдаар мөргөсөн гэж тооцоолжээ.
Энэ нь асар том галт бөмбөлөг дэлхийд унахдаа амьд бүхнийг хуйхалсан гэсэн үг юм. "Глазго хотод энэ биет унаж байхад чи өөрийгөө 50 км зайтай Эдинбург хотод байна гэж төсөөлөөд үз.Тэнгэрт байгаа нарнаас 24 дахин том хэмжээтэй галт бөмбөлөг Эдинбургийн мод, ургамлыг шатаахад хангалттай" гэж доктор Николсон тайлбарлажээ.
Хүн төрөлхтний ажигласан үүнтэй дөхөж очих хэмжээний үзэгдэл нь 1908 онд Сибирийн тэнгэрт дэлбэрсэн 50 метр хэмжээтэй Тунгусын солир гэнэ.
Надирын астероид нь одоогоор дэлхийд хамгийн аюултай сансрын биетэд тооцогдож буй Bennu астероидтой ойролцоо хэмжээтэй байжээ.
Bennu астероидыг 2182 оны есдүгээр сарын 24-ний өдөр дэлхийд унах хамгийн өндөр магадлалтай гэж NASA тооцоолдог. Гэхдээ энэ нь 2,700 тутамд нэг тохиолдох хэмжээний магадлал юм байна.
Доктор Николсоны баг Надирын тогоог гүнзгийрүүлэн судлахдаа TGS нэртэй геофизикийн компанийн гаргасан өндөр нарийвчлалтай 3D өгөгдлийг ашиглажээ.
Хуурай газрын болон далайн ёроолын ихэнх тогоонууд элэгдсэн байдаг бол Надирын тогоо маш сайн хадгалагдаж үлдсэн тул чулуулгийн бүтцийг нь судалж, үүссэн хугацааг баримжаалах боломж олджээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!